Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан.
2014.04.15

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.15/ хуралдаанаар  Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хохирлыг барагдуулах ямар хэлбэрийг сонгосон, хохирлыг 100 хувь барагдуулах боломж бий эсэхийг лавлаж байлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, Төсвийн мөнгөөр хохирлыг барагдуулахгүй гэж гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Өмнө нь хадгаламж, зээлийн хоршооны хохирлын 50 хувийг төрөөс барагдуулаад хураагдсан эд зүйл, ХЗХ-дын өмчлөлийн зүйлсийг борлуулан тэрхүү мөнгийг буцаан төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ удаад тэрхүү буцаан төвлөрүүлэх мөнгийг хохирогчдын хохирлыг барагдуулахад зарцуулахаар шийдсэн юм байна. ХЗХ-дын хохирлыг бүрэн барагдуулах мөнгө цуглаагүй ч тодорхой хэмжээний хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа юм байна.

ХЗХ-дын хохирлыг бүрэн барагдуулах мөнгө цуглаагүй ч тодорхой хэмжээний хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа

Төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас зарим үнэ хүрэхгүй обьект, эд зүйлийг хэт өндрөөр, өндөр үнэтэй зүйлсийг хямдаар үнэлэн борлуулсанаас ийм байдалд хүрсэн гэдгийг Хууль зүйн сайд тодотгож байлаа. Гэхдээ хариуцлага тооцох арга хэмжээ авч байгаа хэмээн нэмж хэлсэн. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хохирол барагдуулах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан ажиллуулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол байгаагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж хуралдаанд оролцогчдын олонх үзэн нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр төлөвлөсөн байсан ч хуулийн төслийн талаар судлах хэрэгтэй байна гэсэн шалтгаанаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Мөн Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байсан ч газар чөлөөлөх, албадан нүүлгэхтэй холбоотой асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг мөн завсарлага авсан юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, энэ асуудлыг бүлэг тус бүр ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа