2013.11.07

Олон улсын арбитрын шүүх Монгол, “Хан ресурс”-ын маргааныг энэ сард хэлэлцэнэ

Олон улсын арбитрын шүүх Монгол улсын засгийн газрын эсрэг Канадын Хан ресурс компанийн 326 сая америк долларын арбитрын маргааныг энэ сард шүүхийн сонсголоор хэлэлцэхээр болжээ. Шүүхийн сонсгол энэ сарын 11-нээс 16-ныг хүртэл олон улсын арбитрын шүүхэд болохоор товлогдсон байна.

Монгол улсад ураны хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан канадын Хан ресурс компани хууль бусаар лицензээ хураалгасан үндэслэлээр 2011 онд Монгол улсын Засгийн газраас 326 сая америк доллар нэхэмжилж, олон улсын арбитрын шүүхэд өгсөн.

Монгол улсын Засгийн газар улсаа төлөөлж шүүх хуралд оролцож байгаа хуулийн байгууллагуудад улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө зарцуулж байгаагаа баталлаа.

"Хан ресурс" компани хууль бусаар лицензээ хураалгасан үндэслэлээр 2011 онд МУ-ын ЗГ-ыг олон улсын арбитрын шүүхэд өгчээ.

Сангийн сайд Ч.Улаан: Арбитрын шүүхэд тодорхой маргааны асуудлууд очсон. Тэр маргааны дагуу ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагуудыг хөлсөлж авч, хамтарч ажиллаж буй зардал мөнгө Засгийн газраас гарч байгаа гэлээ.

Хайгуул, олборлолтын дээрх компани Монгол улсыг 2009 онд ОХУ-ын түнш компанид Дорнод аймгийн ураны орд газарт уул уурхай ашиглалтын хууль бус зөвшөөрлийг олгосон гэж буруутгасан юм.

Монгол улс Хан ресурс компани цөмийн энергийн хуулийг зөрчиж, байгаль экологид хор нөлөө учруулсан, нөхөн сэргээлт хийгээгүй зэргээр тус компанийн лицензийг хурааснаа тайлбарлаж байгаа.

Хэрвээ энэ удаагийн шүүхийн шийдвэрээр Монгол улс Хан ресурс компанид ялагдах юм бол Монгол улс нэмэмжлэлийн 326 сая америк долларыг канадын компанид алдах юм.