Эхний ээлжийн арван эмч, эх баригч энэ сард Япон улсыг зорино
Эрүүл мэндийн яам
2014.01.21

Эхний ээлжийн арван эмч, эх баригч энэ сард Япон улсыг зорино

Эрүүл мэндийн яам Япон улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эх баригч нарын сургалт”-ыг Япон улсад 2014 оноос эхлэн, гурван жил дараалан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ дагуу эхний ээлжийн эмч, эх баригч нар энэ сарын 22-ноос гуравдугаар сарын 01-ны хооронд суралцахаар болжээ.

Сургалтанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Базарсүрэн, эх баригч Ц.Оюундэлгэр, Клиникийн нэгдүгээр амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Алтантуяа, эх баригч Б.Хишигсүрэн, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаа, эх баригч Т.Тогоосүрэн, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Одонтунгалаг, эх баригч Д.Цэндмаа, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Нансалмаа, эх баригч Д.Наранхүү нарын 10 эмч, эх баригч оролцохоор сонгогдсон байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Япон улсад суралцах эмч нарт хандан, идэвх чармайлттай суралцаж ирээд эх, нярайн тусламж үйлчилгээнд ахиц гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн дутуу төрөлтийг удирдах, дутуу нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чиглэлээр илүү сайн суралцаж ирэхийг онцлон хэлсэн байна.