С.Бямбацогт: Алдаа оноо бүгд хоёр намтай холбоотой
С.Бямбацогт: Алдаа оноо бүгд хоёр намтай холбоотой.
2014.03.26

С.Бямбацогт: Алдаа оноо бүгд хоёр намтай холбоотой

Хоёр дахь өдрийн хуралдаанууд амжилттай болж өндөрлөсөн. "Монголын эдийн засгийн чуулган"  "Хөгжлийн бодлого, төлөвлөлт" хэмээх сэдвийг онцолж, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарыг урьж оролцууллаа. Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ сэдвээр бүлгийн дарга нарт асуулт тавьж, хөгжлийн тулгамдсан асуудлуудаар мэтгэлцээн өрнүүлэв.

Д.Жаргалсайхан: -Монгол Улс ямар, ямар томоохон төслүүд дээрээ түлхүү  анхаарах ёстой вэ. Жишээлбэл, төмөр замыг бид яах ёстой юм бэ. Ямар царигтай төмөр зам, хаанаас, хэн барих гэж байна вэ?

Д.Эрдэнэбат: -Цөөн хүн амтай манай орны улс төрийн намуудад Монгол Улсын хөгжлийн төлөөх үзэл баримтлалд зарчмын ялгаа анзаарагдахгүй байгаа. Гэхдээ зорилтдоо хүрэх арга барил, бодлогын хувьд ялгаа ажиглагддаг. Өнөөдөр ч гэсэн УИХ дээр төрөөс тавигдсан бодлогын хэмжээнд хэрэгжих үйл ажиллагаануудад баримталж буй байр суурийн хувьд зарим нэг ялгаа байгаа. Бодлогын хүрээнд яригдаж буй томоохон төслүүдээс алийг нь тэргүүлэх чиглэлд тавих вэ гэж асууж байна. Бид нэг юмыг бодох ёстой.

Үнэнийг хэлэхэд, ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 23 жилийн хугацаанд, Монгол Улс шинэ үндсэн хууль баталснаас хойш Монголын хөгжлийн үндэсний цогц бодлоготой явж ирээгүй. Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг бол Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль байх ёстой. Харамсалтай нь бид үүнийг хийж чадаагүйгээс болж маш их зүйлийг алдсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Цогц бодлогоо тодорхойлж чадаагүйгээс энд хүрэх арга замаа улс төрийн аль нам нь яаж авч явах вэ гэдэг энэ тодорхойлолтод хашигдаж, тэр бодлогоо хэрэгжүүлж чадаагүй алдаа бидэнд бий. Энэ байдал өнөөдөр ч үргэлжилж байгаа.

Өнөөдрийн тавьж буй асуудал бол хөгжлийн бодлогыг яаж төлөвлөх вэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ цогц бодлогыг үндэсний хэмжээнд авч ярилцах нь зайлшгүй хүлээгдэж байгаа асуудал мөн гэж ойлгосон. Улс орны эдийн засаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ гэдэг асуудлыг бид ярьж байна. Манай эдийн засаг өнөөдөр уул уурхай  дээр тулгуурлаж байгаа ч энэ нь биднийг байнга авч явах салбар биш.

Нэгэнт эхлүүлсэн “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслийг хэрэгжүүлж дуусгах нь энэ улсын зорилго мөн үү гэвэл мөн. Эдгээр төслийг хэрэгжүүлэх арга зам нь анхнаасаа буруу явсан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Энэ алдааг засах үүргийг УИХ дахь олонхийн бүлгээс Засгийн газарт өгсөн. Тавантолгойн менежмэнтийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал байна. Тавантолгой төрийн удирдлага дор үнэхээр үр ашиг муутай ажиллаж байгаа бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол хэдэн жилийн өмнө хийгдсэн гэрээний үр дүн.

Төмөр замын асуудал өнөөдөр зургаа дахь жилдээ яригдаж байна. Төмөр замыг геополитикийн хувьд авч үзэх үү эсвэл эдийн засгийн хувьд авч үзэх үү гэдэг улс төрийн том гацаа үүссэн. Энэ бол хэн нэгний дур зоргоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг монголын улс төрчид хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Монгол Улс энэ хоёр улстай мөнхийн хөрш байх тул геополитикийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тэнцвэртэй байх зарчмын хадгалж үлдэх нь чухал.

Төр гэдэг үл үзэгдэх эрх мэдлийг өөрчлөх шаардлага байна.

С.Бямбацогт: -Өнгөрсөн 24 жилийн улс төрийн түүхийг аваад үзвэл найман жилд нь хамтарч, найман жилд нь МАН дангаараа эрх барьсан байдаг. Зургаан жилд нь АН засгийн эрх барьсан байдаг. Ингээд үзвэл, алдаа, оноо аль аль нь энэ хоёр намтай салшгүй холбоотой. Бид өнгөрсөн хугацаанд засгийн эрх барьж байхдаа энэ том төслүүдийг эхлүүлсэн. “Оюутолгой”, “Тавантолгой”, “ТЭЦ-5” гэхчилэн. Харамсалтай нь өнөөдөр бүгд зогсонги байдалд орсон. МАН эдийн засгийн өсөлтийг бий болгоё энэ өсөлтийг ард иргэддээ хүртээмжтэй байлгах бодлого явуулж ирсэн.

Д.Жаргалсайхан: -Уул уурхайн салбараас олсон мөнгөө буцаан том  том төслүүдэд оролцуулах хандлага бий болж байгаа. Хөгжиж буй орнууд боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Жишээлбэл, Тавантолгойн орд, Сайншандын аж үйлдвэрийн паркад хэд хэдэн тэрбум ам.доллар шаардагдана. Энэ хөрөнгө оруулалтыг төр өөрөө хийх хандлагатай болоод байна л даа. Тэгэхээр Монгол Улс уул уурхайгаас олсон мөнгөө дахиад том төсөл рүү оруулах юм уу эсвэл хүнийхээ хөгжилд зарцуулах юм уу. АН-ын байр суурийг илэрхийлнэ үү?

Д.Эрдэнэбат:-Энэ асуудалд танай, манай гэж талцмааргүй байгаа юм. АН эдийн засгийг тэлэх бодлого барих нь зүйтэй гэж үздэг. Үүнийгээ удаа дараалан илэрхийлж ирсэн. Зарим хүн Монгол Улсыг өрөнд баригдуулж болохгүй гэдэг. Өр, зээл хоёр ялгаатай ойлголт. Монгол Улсад ямар ч хөрөнгөгүй, ямар ч баялаггүй компани орж ирээд дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байхад гуравхан сая хүн амтай, цэлгэр уудам Монгол орон өөрийгөө хөгжүүлэхийн тулд, улс орноо өөд нь татахын тулд зээл авах эрхээ хасуулж болохгүй. Энэ бол бидний үзэл баримтлал. Монгол орон хөгжих ёстой юм бол импортыг орлох бүтээгдэхүүн, нэн тэргүүнд шатахуун, цемент, ган, зэс боловсруулах үйлдвэрээ хамгийн түрүүнд байгуулах ёстой гэж үзсэн. Монгол Улс баялгийн сангаа байгуулаад хуримтлал бий болгох ёстой гэж үзсэн. Энэ хуримтлалаараа ард иргэдийнхээ ирээдүйн амьдралыг баталгаажуулах үүрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас төсөвт дулдуйдсан эдийн засгаас арай өөр арга замаар явъя гэсэн бодлогыг барьж байна.

Д.Жаргалсайхан: -Үйлдвэрлэгч нь хэн байх вэ, төр үү, хувийн хэвшил үү?

Д.Эрдэнэбат: Хувийн секторын үйлдвэрлэлийг дэмжинэ. “Чингис”, “Самурай” бондыг хуучин шиг зүгээр тараана гэж ойлгож болохгүй. Эдгээр бондын хөрөнгийн ихэнхийг нь бид арилжааны банкуудаар дамжуулан, хувийн хэвшлийг дэмжих зээл болгон зарцуулж байна. Харамсалтай нь, үүнийг ярьж байгаа хүн тун цөөн байна. Энэ барилгын салбар дахь бүтээн байгуулалтууд, төмөр арматур, цемент үйлдвэрлэх ажил бүгд эргэн төлөгдөх зээлээр хэрэгжиж байгааг ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн хүнд өгөөд байхгүй болж байгаа зүйл нэг ч байхгүй.

Д.Жаргалсайхан: -Төр заавал бидний татварыг, бидний ирээдүйг барьцаалж, зээл авснаас хувийн сектор нь өөрөө хариуцлагаа хүлээгээд, өөрөө зээлээ олоод явбал ашигтай юм биш үү?

Д.Эрдэнэбат: -Тэгж болно. Харамсалтай нь өнөөдөр 40 хувь дээр зээлийн хязгаар тавигдсан байгаа. Хэрэв хувийн хэвшил олон улсаас зээл авна гэвэл Засгийн газрын баталгаа хэрэгтэй болдог. Засгийн газрын баталгаа гаргалаа гэхэд, Монгол Улсын өнөөдрийн эрхзүйн тогтолцоогоор өрийн хэмжээ хязгаартай тул ийм зогсонги байдалд орчихоод байгаа юм.

Д.Жаргалсайхан: -Гэхдээ зарим компани, жишээлбэл “Энержи ресоурс” төрийн баталгаагүйгээр 500 сая ам.долларын хөрөнгө босгосон байдаг.

Д.Эрдэнэбат: -Санхүүгийн боломжтой компаниуд бий. Гэхдээ олон улсаас зээл авахад зайлшгүй Засгийн газрын баталгаа шаардагддаг гэдгийг бодох ёстой.

Д.Жаргалсайхан: -Хувийн компани зээл авахад Засгийн газар хажуугаар нь баталгаа гаргах нь ямар учиртай юм бэ?

C.Бямбацогт: -Бид УИХ дээр аль болох төрийн оролцоог багасгая, хувийн хэвшлээ дэмжье гэж ярьдаг. Бодит байдал дээр бүх юманд төр оролцдог. Төр цахилгаан станц барьж байна, төр төмөр зам тавьж байна. “Энержи ресоурс” компани Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын хөрөнгө босгоод төмөр зам барих гэж байхад нь наадхыг чинь төр барина гээд зогсоочихсон. Төр даатгалын компани, арижлааны банк байгуулж байна. Ийм байдлаар эрх баригчдын УИХ дээр ярьсан зүйл нь амьдрал дээр өөрчлөгдөөд байгаа.

Д.Жаргалсайхан: -Хамтарсан Засгийн үед Хөгжлийн банк байгуулагдсан. Хөгжлийн банкаар дамжуулаад төсвөөс гадна хоёр дахь төсвийг бий болгосон. Өнөөдөр олон улсын байгууллагууд “Монгол Улс хоёр төсөвтэй байна. Албан ёсны төсвөөрөө тооцоход өр чинь хоёр хувиас даваад 10 хувьд хүрчихсэн байна. Хөгжлийн банкны зардлыг оруулах юм бол төсөв чинь ийм өндөр байна” гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр төсвөөс гадуур Хөгжлийн банк байхыг юу гэж үзэж байна вэ. Төсөвтэй яг адилхан үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү?

Д.Эрдэнэбат: -Хөгжлийн банкны мөнгө төсвөөр гадуур явж байгаа. Өрийн удирдлагын тухай хууль одоо Улсын Их Хуралд өргөн баригдана. Энэ хуулиар Хөгжлийн банк болон улсын төсөв хоорондоо хэрхэн уялдах вэ гэдэг харилцааг зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ энэ хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд нэг тийш шийднэ.

C.Бямбацогт: -Монгол Улс бол нэгдсэн төсөвтэй. Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа бүх төсвийг нэгдсэн төсөвт тусгах ёстой. Харамсалтай нь өнөөдөр хууль зөрчигдөөд явж байгаа. Түүнээс гадна Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадна хоёр дахь төсөв бий болгоод, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Хөгжлийн банкны тухай хуульд “жил бүрийн нэгдүгээр улиралд багтаж тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ УИХ-аар батлуулна” гэсэн заалт байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжихгүй байгаа.

Д.Эрдэнэбат: -Бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдаж байгаа. Энд бид нар улс төржих гэж орж ирээгүй. Хөгжлийн бодлогоо ярих гэж орж ирсэн.

Д.Жаргалсайхан: -Эдийн засгийг хөгжүүлэх нэрээр Монгол Улс эдийн засаг руу маш их мөнгө хийж байгаа. Үнэ тогтворжуулах гээд. Монголбанкнаас саяхан гурван их наяд төгрөг гаргасан. Ер нь цаашид ийм их мөнгө тасралтгүйгээр гаргаад байх юм уу?

Д.Эрдэнэбат: -2013 онд Монголбанк мөнгөний интервэнц хийсэн. Энэ нь Монгол Улсыг эдийн засгийн гүн хямралд унах нөхцөл байдлаас аварсан. Үүнийг Монголбанкны дүгнэлтэд тодорхой тусгасан байдаг. Түүхий эдийн экспортын огцом уналт, тухайлбал, 110 ам.доллараар үнэлэгдэж байсан нүүрсний ханш.  50 ам.доллар болтлоо буурсан. Зэсийн борлуулалт буурсан. Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт зогссон, валютын хомсдол нүүрлэсний улмаас үүнийг хийхэд хүрсэн. Хэрэв үүнийг хийгээгүй бол Монгол Улсын эдийн засаг хүндрэл рүү биш уналт руу давхиж ороод, валютын ханш 1500 биш, 2000 төгрөг хүрэх байсан. Ийм бодит нөхцөл байдалд байсан.

Д.Жаргалсайхан: -Төрийн албаны залгамж халааг цаашид хэрхэн авч явах вэ.  Нэг улс төрийн нам гарч ирэхээрээ өмнөхөө утга учиргүй үгүйсгэдэг. Бүтцийн өөрчлөлт хийж байгаад тэр чигээр нь алга болгох юм.  Үүнд хариулт өгөөч?

-Д.Эрдэнэбат: -Үндэсний  хөгжлийн цогц бодлогыг боловсруулах зайлшгүй шаардлага байна гэж хэлсэн. Нэн тэргүүний зорилго нь улстөрчид болоод улс төрийн намуудын  хөгжлийн төлөө нэг чиг баримжаатай байх. Бидэнд шинэчлэх зүйл их байна. Төр эрхзүйн тогтолцооны хувьд ч тэр. Төрийн албыг  улс төрийн нөхцөл байдлаас болж шинэчилж, өөрчилдөг “удамшсан” өвчин сонгууль болгоноор явдаг. Үүнийг хэрхэн эмчилж тогтвортой болгохыг  цогц бодлогод  зайлшгүй тусгах шаардлага байна. Гадаад бодлогодоо олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ  нэг улс төрийн нам гарч ирж үгүйсгэдэг байдлыг зогсоох хэрэгтэй байна.  Энэ талын шинэчлэл рүү зайлшгүй явах хэрэгтэй.

С.Бямбацогт: -Өнгөрсөн 20 гаруй жил хангалттай улстөржлөө. Нэг нам гарч ирэхээрээ өнгөрснөө царцааж хий эргэдэг. Тодорхой зорилгын төлөө нэгдсэн зорилгын төлөө явсан бол өшөө илүү хөгжих байсан байх. Үүнд цэг тавих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч 2050 он  гэж яриад байгаа нь хол сонсогдож байна.

Д.Жаргалсайхан: -Улс төрийн намыг санхүүгийн тайланг гаргаагүй бол сонгуульд оруулахгүй байх талаас нь  ард түмэн  шаардвал яасан юм гэсэн саналыг  их олон хүн дэмжсэн байсан?

-Д.Эрдэнэбат:-Авлигыг захиргааны аргаар шийдэхгүй  л дээ. Төр аль болох бизнесийн оролцооноос хөндий байх тусам авлигын индекс буурах ёстой.  Төр бүхнийг шийддэг босоо тогтолцоог аль болох хэвтээ  болгож байж хэрэгтэй. Төр оролцохгүй гээд  төрийн зохицуулалтгүй улс орон гэдэг зааг ялгааг зөв ойлгох хэрэгтэй. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ажлын хэсэг дээр явж байна: Улс төрийн намууд авлига авдаг гэдэг ойлголт байдаг. Харин хандив дэмжлэг авдаг. Ялангуяа сонгуулийн үеэр хандив авдаг. Ер нь бол санхүүгийн тайланг ил тод болгох, тайлагнахыг хуулиар  тогтоож өгөхийг АН зөв гэж үзэж байна.  

Тодорхой зорилгын төлөө нэгдсэн зорилгын төлөө явсан бол өшөө илүү хөгжих байсан байх.

С.Бямбацогт:  -Улс төрийн намууд санхүүгийн тайлан гаргадаг ч харамсалтай нь бодитой биш. Өнөөдөр улс төрийн намаар дамжаад төрд шургалдаг. Төрийн төлөө үнэнчээр ажиллах байтал хэрэг дээрээ тэгж чаддаггүй. Төр гэдэг үл үзэгдэх эрх мэдлийг өөрчлөх шаардлага байна. Төр зохицуулдаг, зөнд нь орхидог гэх мэт олон зүйл  байж болно. Төр дээд тал нь зохицуулдаг байх хэрэгтэй юм болов уу. Харин өнөөдөр төр хориглодог, хязгаарладаг. Тийм учраас бизнес эрхлэгчид болон ард иргэд төр хязгаарлалт хоригийг давахын  тулд  авлигын асуудал үүсч байна.  

Д.Жаргалсайхан: -Хандив, авлига гэсэн хоёр асуудал яригдлаа. Авлига хандив хоёрын ялгаа нь юу юм бэ. Хандивыг хувь хүн болоод компани улс төрийн намд өгсөн гэж бодоход давуу  эрх шаарддаг уу?

Д.Эрдэнэбат: -Хандив гэж хуулиар тогтоосон хэм хэмжээтэй, нэршил байдаг.  Үйл ажиллагааг дэмжиж ил тод  өгч байгаа дэмжлэг. Авлига гэдэг нь нууцаар үйлддэг  эд юм биш үү. Хандив өгчихөөд нөхцөл тавьдаг  зүйл байхгүй ш дээ.

С.Бямбацогт: -Д.Эрдэнэбат дарга ерөнхийд нь бараг хариулчихлаа даа. Хандив бол сэтгэлээрээ, итгэл үнэмшлээрээ  өгдөг эд байх. Авлига гэж хүн ажлаа бүтээх гэж тодорхой зорилгодоо хүрэхийн тулд саад бэрхшээлийг давах гэж өгдөг  зүйл. Сүүлийг үед хандив нэртэй авлига их байгаа байх. Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт өгснийг нь биш авсныг нь өгдөг болое гэсэн байгаа. Энэ тал руу явах нь чухал байх.  

Д.Эрдэнэбат: -Өнөөдөр бид энд суугаад зовлон жаргалаа ярилцаж байгаа нь туйлын зөв. Бусад чуулганаас улстөрчид болон парламентад хамгийн олон суудалтай намын төлөөлөл болоод баялаг бүтээгчид эдийн засгийн газрын зургаа дэлгээд ярилцаж байгаа нь  онцлог байна. Монгол орон зах зээлд анх  орохдоо ганзагын наймаа, тохиролцооны дэлгүүрээс эхэлсэн юм шүү.  Гэтэл өнөөдрийн  орчин түүнээс ялгаатай байгааг бид мэдэрч байгаа. Үүнээс илүү байгаасай гэж  хүсч байгааг бид мэдэрч байгаа. 

2009 онд  дөрвөн арвын хуулиар эдийн засгийн хямралыг давж гарсан гэж хэлсэн Лхагважавын хэлдэг үнэн. 2014  энэ  бизнесийг дэмжиж, татварын хөнгөлөлтийг зөв  хөнгөлөх тал дээр төр санал нэг байгаа гэж бодож байна. Хаврын чуулганаар УИХ юу хэлэлцэх вэ гэдгийг хамгийн түрүүнд АН-ын бүлэг авч хэлэлцэнэ гэдгийг хэлмээр байна.