Ганц дайчин ганцаардахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.12.03

Ганц дайчин ганцаардахгүй

УИХ дахь намын бүлгүүдийн адил бие даагч гишүүд нийлэн даваа гараг бүр мэдээлэл хийдэг болсон.

Харин энэ удаагийн мэдээллийн үеэр С.Ганбаатар гишүүн ганцаархнаа сууж ха­рагд­сан учир нь нөгөө хоёр нь ажилтай яваа юм байх.

Гэхдээ тэрбээр хэзээний тэмцэгч шаргуу зантай нэгэн тул ёстой л ганц дайчин ганцаардахгүй гэж байгаа юм шиг байр сууриа илэрхийлээд амжсан. Түүний хувьд “Намуудын гишүүнчлэлээс болж гэр бүл дотор үл ойлголцол үүсч байна.

Монголын ард түмэн талцаж хуваагдаж байна. Энэ өөрөө намын үндсэн зорилго биш шүү дээ. Намын санхүүжилтийг компаниуд, хандивлагчдаас авах нь буруу” гээд л ярьж гарсан.

Түүнчлэн бие даагч гишүүд “Намууд бодлогын байгууллага байх ёстой, бодлогоо боловсруулж, ард иргэдээс дэмжлэгийг нь авдаг байгууллага байгаач ээ, гишүүнчлэлийн байгууллага байхаа болиоч гэдэг саналыг дэвшүүлж байна” гэдгийг хэлсэн юм. Ямартай ч эрхэм гишүүн нөхдийнхөө эзгүй хооронд гал алдсангүй.