Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг хүртсэн шилдэг оюутнууд тодорлоо
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шилдэг оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа. Тус арга хэмжээнд МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан, БШУЯамны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган оролцлоо.
fgТэтгэлэг гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оюутнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тамирчид хийгээд амжилттай суралцаж байгаа оюутнуудад сурлагын амжилтыг нь чухалчилдаг. Монгол Улсын хөгжлийн зүтгүүр бол боловсролтой монгол хүн юм.
Залуучуудад өрсөлдөх чадвартай боловсролыг эзэмшүүлэх, боловсролын тогтолцоог дэлхий нийтийн жишигт хүргэх нь бидний зорилго юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарч байгаа. Боловсрол бол зорих зам төдийгүй хүрэх зам гэдгийг манай залуучууд сайн ойлгож, хичээн зүтгэж байгаад баяртай байна.
Олон Улсын Оюутны Математикийн олимпиадиас гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн, МУИС-ийн оюутан Б.Ганбат, Ази тивийн Анагаахын оюутны эрдмийн бүтээлийн илтгэлийн уралдааны тэргүүн байрын шагналт, ЭМШУИС-ийн оюутан Э.Ренчиндорж, Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШУТИС-ийн оюутан Э.Галбадрах, Уран зохиол шинжлэлийн өгүүллээрээ "Тайлахуйн чинад" ном бичсэн МУИС-ийн Х.Чойдогжамц нарын тэргүүтэй нийт 18 шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит тэтгэлгээ хүртээлээ. Бид та бүхэнд итгэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг бол Та бүхний зорьж тэмүүлж яваа бүхэнд урам хайрласан шагнал юм. Монголын мянга мянган оуютан залууст та нар шиг амжилт гаргахыг уриалж байна.
ghТа бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхнийг өдий зэрэгт хүргэхэд тусалж дэмжсэн гэр бүл, анги хамт олон, найз нөхдөд тань талархал дэвшүүлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээв.