Улаанбаатар хотыг хөгжүүлэх бонд гаргана
Нийслэл хот анх удаа өөрийн бонд гаргах гэж байна. Бонд гаргах бэлтгэлийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар Дэлхийн банктай хамтарч нэг жилийн өмнөөс хийж эхэлсэн гэх бөгөөд өчигдөр энэ талаарх хэлэлцүүлэг “Хангарьд” ордонд болсон юм.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, Дэлхийн банкны албаныхан оролцсон.
Нэг жилд гурван их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай
Улсын өрийг яая гэж байж хот тусдаа бонд гаргаж өртэй болоход шүүмжлэх хүн багагүй. Гэтэл 2021 он хүртэл хотыг хөгжүүлэхэд нийт 25.4 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэх юм билээ. Тодруулбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхэд 2014-2017 оны хооронд гэхэд 12 их наяд төгрөг, жилд гурван их наяд төгрөг шаардлагатай ажээ.
Одоогоор нийслэлд жилд улс, нийслэлийн төсвөөс дунджаар 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг тул ийнхүү нэмэлт эх үүсвэр хотод хэрэгтэй болжээ. Тиймээс санхүүжилтийг нөхөхийн тулд нийслэл хот бонд гаргах гарцыг нэг жилийн өмнөөс олж харж, бэлтгэл ажлаа хийж байсан талаар албаныхан тайлбарлалаа.
Анхны бонд хэзээ гарах нь тодорхойгүй байна
Бонд гаргахын тулд нийслэлийн захиргаанаас Дэлхийн банкны шаардлагыг хангаж, иргэд, олон улсад санхүүгийн тайланг ил болгожээ. Санхүүгийн тайланг Улаанбаатар хотын цахим сайт дээр ил тод мэдээлж буй бөгөөд өнөөдөр зарцуулж байгаа мөнгөний хэмжээ, зарцуулалт, мэдээллийг гэхэд маргааш нь сайтан дээр шууд тавьж байгаа гэсэн.
Нэг жилийн хугацаанд бэлтгэсэн ажил энэ бөгөөд бонд гаргахад хотын зээлжих эрхийг тодорхойлох мөн чухал асуудлыг одоо шийдэх хэрэгтэй юм байна. Үүний тулд олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагын зөвлөмжийг авч, хамтран ажиллаж зэрэглэлийг тогтоосны дараагаар Засгийн газарт асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэх ажээ. Өөрөөр хэлбэл, хотын зээлжих зэрэглэлийг тогтоож, Засгийн газраар хэлэлцүүлж, шийдвэр гарсаны дараа анхны бондыг хэзээ, хэдий хэмжээгээр гаргах нь тодорхой болох юм байна.
Бонд гаргах хэмжээ ийнхүү тодорхойгүй байгаа ч хотын төсвийн суурь орлогын 15 хувиас хэтрэхгүй хэмжээнийх байх ёстой гэхээр 300-аад тэрбум төгрөгийн бонд босгох боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа мөн хэлж байсан.
Зээлжих зэрэглэлийг тогтооход гарах саад
Бондын хөрөнгийг удалгүй ашгаа өгдөг төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэх бол үүний дараа нийгэмд хандсан төслүүд рүү чиглэх юм байна.
Өнөөдрийн байгаа төвшинд хот бонд гаргах боломж хязгаарлагдмал гэх юм. Улсын өр нийт төсвийн 40 хувиас хэтэрсэн байгаа тул бонд гаргахад хүндрэлтэй байгаа ажээ. Гэсэн хэдий боловч нийслэл бие даан бонд босгох эрхтэй тул байгаа нөөц боломжоо ашиглан хотоо хөгжүүлнэ гэж буй. Бонд гаргахад шийдэх ёстой гол асуудал бол дээр хэлсэнчлэн зээлжих зэрэглэлийг тогтоох. Зээлжих зэрэглэлийг хязгаарлаж байгаа хэд хэдэн хүчин зүйл байна.
Нэгдүгээрт, барьцаа болгон ашиглах боломжтой хөрөнгө нэлээд хязгаарлагдмал бөгөөд тэдгээрийн зах зээлийн үнэ тодорхойгүй, Хоёрдугаарт, Улаанбаатар хот боломжит нийт өрийг тооцоход суурь орлого нэр томьёо тодорхойгүй, Гуравдугаарт, бондын эргэн төлөлтийн хугацаа дөрвөн жил тул урт хугацааны зээл үүсгэх боломжгүй,
-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг санхүүжүүлэх зээлийн хэрэгцээ, шаардлагын тооцоог хараахан хэлэлцээгүй байгаа нь зээлжих зэрэглэлийг тогтоож, улмаар бонд гаргахад тулгарч байгаа асуудал ажээ.
Үүнд дээр хэлсэнчлэн олон улсын байгууллагаас зөвлөмж, авч хамтран ажиллах байдлаар шийдэх юм байна.
Дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулна
Одоогоор хот бонд гаргаснаар эдийн засагт оруулах хувь нэмрийн тооцоог хийж байна. Цаашдаа бондын хөрөнгийг эдийн засгийн үр ашиг, эргэлт сайтай төслүүдийг санхүүжүүлэх ажээ. Жишээ нь, авто замын зогсоол, үйлдвэр, ложистикийн паркыг нэрлэж байна. Бондын хөрөнгийг удалгүй ашгаа өгдөг төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэх бол үүний дараа нийгэмд хандсан төслүүд рүү чиглэх юм байна.
Бондын хөрөнгийн хүлээлтэд хотын дэд бүтцийг хөгжүүлэх, хуучин инженерийн шугам сүлжээг шинэчлэх зэрэг ажлууд ард араасаа дугаарлан буй. Бондыг амжилттай босгож чадвал яаран зээл гаргах бус, яг ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ гэдгийг шийдээд, ИТХ-аар батлуулах юм байна.
Гадны туршлага
Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс гэтэл аль эрт хотын бонд гаргасан байх юм. Бид энэ туршлагаас нь мөн судалж байна. Тус улс 53 орчим сая хүн амтай бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12 орчим мянган ам.доллар ажээ. Парламентын засаглалтай ӨАБНУ-ын хотууд 2003 онд анх бонд гаргах эрхээ баталж байжээ. Өнөөдрийн байдлаар тус улс орон нутгийн засаг захиргааны бондын нийт дүн нь 1.7 тэрбум ам.доллар хүрээд байгаа гэх юм.
Бонд гаргахдаа Хотын санхүүгийн удирдлагын тухай хууль, Өрийн талаарх мэдээллийг ил тод болгох тухай орон нутгийн зохицуулалтууд, Валютын солилцоог хянах журмаа хууль эрх зүйн үндэс болгосон байна. Ийнхүү бондоо зам, стадион, эмнэлэг, цэвэрлэх байгууламж, хотын цэвэрлэгээ, цахилгаан хангамж, орон сууцаар хангах ажилд зарцуулж буй бөгөөд орон сууцаар хангах ажлын санхүүжилт болсон бондын эргэн төлөх хугацаа нь хамгийн сүүлд буюу 2021 онд дуусах ажээ