Э.Бат-Үүл: Хогны уут тараах болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.18

Э.Бат-Үүл: Хогны уут тараах болно

Нийслэлийн Засаг дарга буюу хотын захирагч нийслэлд энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлын талаар өчигдөр /2014.03.17/ мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Ухаалаг Улаанбаатар” төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Нийт хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Энэ хөтөлбөрийг хамгийн энгийнээр тайлбарлавал, иргэд, аж ахуй нэгж гэрээсээ ажлаа амжуулдаг болно. Мөн компаниуд тендерт оролцох гээд цаг алдаад нааш цааш гүй хэрэггүй болно. Өөрөөр хэлбэл, нийслэлийн үйлчилгээг онлайн системд шилжүүлнэ гэсэн үг. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих юм. Ингэхэд, иргэд маргаашнаас энэ үйлчилгээг эхлүүлэх гэж байна гэж ойлгоод эндүүрэл гарах вий. 2020 он хүртэл гурван үе шаттай хэрэгжих юм. Энэ төсөлд энэ жил 14,3 тэрбум төгрөг зарцуулна.

-Хотын шинэ захиргааны байрыг хотын зах руу барихаар болсон  Шинэ байрыг барихад хичнээн төгрөг зарцуулж байгаа вэ. Одоо байгаа нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг яах вэ?

-Нийслэлийн хүн амд 548 төрийн үйлчилгээ үзүүлдэг. Эхний ээлжид 56 үйлчилгээг онлайн болгох гэж байна. Онлайн болгохын тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байна. Төрийн үйлчилгээг нэг дороос авдаг болгох ёстой. Тиймээс 20 үйлчилгээг хороодын түвшинд авдаг болгох юм. Шинэ төвийн хувьд одоогоор үнэ, өртөг тодорхой болоогүй байгаа. Өмнөд Солонгосын “Халла” групп өөрийнхөө хөрөнгөөр барина. Баригдсаны дараа гурван жилийн хугацаанд хотын захиргаа өөрийнхөө төсвийн хөрөнгөөр төлөх ёстой.

Солонгосын талаас төсвийн ерөнхий үнэлгээ ирчихсэн байгаа. Эцэслэсэн дүн гараагүй байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн төр захиргааны есөн байшин суларна. Тэр байшингуудыг хувьчилна. Ерөнхийлөгчийн зарлиг гарч эхний ээлжинд Хангарьд ордныг хувьчлах ажлыг зохион байгуулахыг даалгасан байгаа. Мөн Засгийн газрын агентлагууд Хангарьд ордонд орох гэж байгаатай  холбогдуулан уялдаж, ажил зохион байгуулагдана.

-Хотын цэвэр усны  аюулгүй байдал алдагдаж байна гэх хүмүүс ярих болсон. Хотын захиргаа энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байгаа вэ?

Ус сувгийн удирдах газрынхны хэлж байгаагаар 170 метрийн гүнээс цэвэр усны эх үүсвэрээ авдаг. Т

-Урьд нь худгуудыг цэвэр усны хамгаалалтын бүсээс гаргаад барилга барих зөвшөөрлийг олгочихсон юм байна лээ. Ус сувгийн удирдах газрынхны хэлж байгаагаар 170 метрийн  гүнээс цэвэр усны эх үүсвэрээ авдаг. Тэгэхээр цэвэр усны эх үүсвэр маш гүнээс авдаг учраас ус бохирдох аюул байхгүй гэдгийг Ус сувгийн удирдах газрынхан хэлж байгаа юм. Цэвэр усны сангийн дээр барилга барих шаардлага байхгүй юм. Үүнтэй холбогдуулж захирамж гаргасан. Харамсалтай нь захирамж Захиргааны хэргийн шүүх дээр уначихсан байгаа.

-Барилгын аюулгүй байдлаа хангаагүй зарим барилгын ажлыг зогсооно гэж байсан осол мэр, сэр гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд “Макс” группын барилгаас төмөр унаж, хүний амь эрсэдсэн. Барилгын салбарын хариуцлага тооцох талаар хот ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард НИТХ-аар Хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам гэж гарсан. Энэ журмаар хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой болсон. Захиалагч компаниуд нь Хөдөлмөр аюулгүй байдлын хуулиараа төсөв хөрөнгийг нь гаргаж өгөх ёстой ч гаргаж өгдөггүй. Тэрнээс болоод осол, эндэгдэл гарах шалтгаан болдог. Энэ бүгдийг тодруулаад журамлачихсан. Техникийн нөхцөл өгч болохгүй гээд байхад ар, өврийн хаалгаар өгчихсөн байдаг. Жишээ нь, “Оргил” хотхонд бохирын нарийн шугам тавьчихсан.

Өдөрт 5 сая төгрөг гаргаж бохирыг соруулахгүй бол болохоо байчихаад байна. Мөнгөтэй л бол дураараа авирлаж болно гэсэн буруу ойлголт газар авсан байна. Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд Мобиком компанитай хамтраад аппликэйшн авсан. Энэ нь яадаг вэ гэхээр иргэд баригдаж байгаа барилга руу утасныхаа камерыг чиглүүлээд харахад гар утсан дээр нь барилгын зөвшөөрөлтэй эсэх, дулаан, техникийн нөхцөлөө авсан уу үгүй юу, хэний барилга вэ зэрэг бүх мэдээлэл гараад ирнэ.

-Ашиглалтад орохгүй, цаг хугацаа алдаж байгаа, мөн нураах шийдвэр гарсан барилгуудад ямар арга хэмжээ авах вэ. Нийслэл ер нь өмчдөө бүртгэж авах боломж байдаг уу?

-Буулгах шаардлага тавиад, тэр шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өөрийн өмчлөлд аваад дараа нь буулгах ёстой юм. Энэ ажлууд шалгагдаж байгаа. 17 давхраас доош барилгыг ярьж байна. 17 давхраас дээш бол Барилга хот байгуулалтын яам хариуцаж байгаа юм.

-Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах талаар тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч нар санал гаргасан байсан.  Үүнийг нийслэл дэмжих үү?

-Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах асуудлыг УИХ шийдвэрлэнэ. Ер нь дүүрэг хуваах, хил хязгаар тогтоох зэргийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэдэг. Сонгинохайрхан дүүргийн хуваах асуудал албан ёсоор нийслэлийн удирдлагад ирээгүй байна.

-Нийслэлийн айл өрхүүдэд тарааж байгаа хогны уут нэлээд асуудал дагуулж байна. Хогны уутны оронд өөр цэцэрлэг, сургууль бариач гэсэн иргэдийн санал гарч байна?

-Хогны уут тараах ажлыг цаашид ч гэсэн үргэлжлүүлнэ. Иргэд гэрээсээ хогоо ил хаяж байгаа тохиолдолд хотын хогны асуудал шийдэгдэх ямар ч боломжгүй.

-Төсөв нь 4,5 тэрбум төгрөг болж, өмнөхөөс нэмэгдсэн гэсэн үү. Яагаад төсөв нь нэмэгдсэн юм бэ?

-Төсөв нь нэмэгдсэн. Хогны уут тараах өрхийн тоо нэмэгдсэн учраас ийнхүү төсөв нь нэмэгдсэн. 2013 оны аравдугаар сараас 2014 оны нэгдүгээр улирлын хугацаанд 317 мянга 131 өрхөд 33,3 сая ширхэг хогны уут үйлдвэрлэхэд 3,1 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ онд 335 мянган өрхөд тараагдах бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сараас он дуустал буюу есөн сарын хугацаанд тараах уутанд 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.