С.Ганбаатар: Оюутолгойтой холбоотой нэр бүхий есөн гишүүнийг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгсөн
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Ярилцах танхим ”-даа урьж, ярилцлаа.
-Нэг үе таны лекцийг сонсох гэж олон зуун залуус мөнгө төлж, төсөөлөл, зорилгоо ярилцаж байсан. Харин өнөөдөр та УИХ- ын гишүүн. Үгийг тань залуус гэхээс илүүтэй бүх монголчууд сонсдог болсон байна. Энэ дунд танд өөрт тань УИХ-ын гишүүн болсныг эс тооцвол огцом гэмээр өөрчлөлт гарсан санагддаг уу. Мэдээж өөрийн тань дотоод бодолд шүү дээ?
-За даа, тэр үед чинь бараг л ардын баатар болчихсон байсан үе шүү дээ.
-Өөрт тань асар их итгэл төрсөн байх нь?
-Тийм ээ. Би өөрийгөө хүмүүсийн хайрыг хүртчихлээ. Ардын баатар болчихлоо л гэж бодож байсан.
-Огтхон ч эргэлзээгүй юү?
-Эргэлзээ байгаагүй ээ. Хэрэв тэгж бодоогүй бол би шууд зүтгэж чадахгүй байсан ч байж магадгүй. Хүний итгэлийг олно гэдэг амар биш. Тэр итгэлийг мэдрэхэд хүч нэмэх шиг л болдог. Уулзсан, тааралдсан эмээ, өвөө болгон “За хүү минь зүтгээд байгаарай” гэж хэлэхээр урам орсон. Үүнээсээ нь урамшаад автобусны үнэ, газрын авлигыг яриад эхлэхээр хүмүүс чинь “Амиа бодоорой, хүү минь” гэнэ. Таксинд суухад хүртэл “Та бидний төлөө явж байгаа хүн. Баярлалаа” гэж талархана. Ингээд ирэхээр чинь хүнд нэг бодол төрнө дөө.
-Олон хүн тэр үеэ “Зогсох эрхгүй болох” гэж тодорхойлдог?
-Яг үнэн. Олны хайр хүндэтгэлийг хүлээгээд яаж болих вэ дээ.
-Гэхдээ зөвхөн магтаалаар мялаалгаагүй биз дээ?
“Рио Тинто”-гийн мөнгө хэвлэл, мэдээлэл болон улс төрд ямар их байршсан гэж бодож байна.
-Өө, зөндөө муулуулсан. Ямар их муулуулдаг байлаа даа. Гэхдээ Оюутолгойг ярихаар л муулдаг байсан юм шүү. Одоо ч адилхан. Харин монголчууд маань ухаалаг ард түмэн. “Рио Тинто”-гийн мөнгө хэвлэл, мэдээлэл болон улс төрд ямар их байршсан гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдын дуу хоолойг хамгаалах гэсэн зорилтод нийтлэлүүд намайг цаг үргэлж тэнэг гэж гоочилдог. Гэхдээ энэ нь надад дүүрэн амьсгаа авах боломж олгодог юм. Тэд элдэвлэх хэрээр би их, бага хэмжээгээр санаснаа хэрэгжүүлж, санал бодлоо нээлттэйгээр илэрхийлэх хүчтэй болж чаддаг
-УИХ-д хүчтэй сөрөг хүчин гэж байхаас хүчтэй бие даагч байх боломж бий юу?
-Хэцүү. Гэхдээ миний санасан бодсон заавал УИХ-аар хууль болж батлагдах ёстой гэж зүтгэвэл энэ нь утоп болж хувирна. Гэхдээ ч бас явуулж болдог юм байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байна. Энэ хууль өнөөдөр нийгмийн анхааралд орчихлоо. Эмэгтэй гишүүд маань ч сайн дэмжсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл байна. Оюутолгойг бод доо. 2004 оноос хойш хөөцөлдсөн. Есөн жил болсон байна. Анх ярьж байхад Өмнөговиос хүмүүс ирээд “Манай нутагт баялаг илэрч, бид сайн сайхан амьдрах боломжтой болж байхад чи яагаад гай болоод байгаа юм бэ” гэж загнаж байсан.
Гэтэл өнөөдөр тэр хүмүүс өөрсдөө нөхцөл байдлыг ойлгочихсон, цөхөрчихсөн хамтдаа дуу хоолойгоо өргөөд явж байна. Би нэг л зүйлийг боддог. Монголчууд бид эх орондоо төрчихөөд яагаад гадаадын неолибералистуудын өмнө хонь шиг байх ёстой гэж. Тэд хонь шиг байлгахыг хүсч байхад бид хүслээр нь явж болохгүй. Нэг ч гэсэн хүн “Бид хонь биш шүү” гэж сануулж, анхааруулж байх ёстой. Ядаж “Өөр хувилбар байж болох юм биш үү” гэж асуудаг баймаар байна.
-Оюутолгойн хөрөнгө оруулагчид танд “Та жаахан буруу ойлгоод байна. Бодит байдлыг нь тайлбарлаж өгье” гэж хэлж байв уу?
-Үгүй. Би харин ярилцах хүсэлт олон удаа тавьсан. Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч байхдаа хэд, хэдэн удаа уулзсан. Тэр бүрт тэд дандаа худлаа ярьж байсан.
-Юу гэж?
-Монголчуудын хамгаална. Цалинг тэгшитгэнэ. Олон ажилтан авна гэдэг. Аль ч үг хэрэгжээгүй. Ханган нийлүүлэлтийнх нь тухай ч ярилцсан. Юу ч өөрчлөгдөөгүй.
-УИХ-ын болсноос тань хойш ч хандлага өөрчлөгдөөгүй юу?
-Өөрчлөгдөөгүй. Харин би гишүүн болсноосоо хойш Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хорооны гишүүдтэй хамтран Оюутолгойн төсөвт юу болоод байгааг тодруулах зорилгоор ажлын хэсэг байгуулж ажилласан. Маш муу дүгнэлт гарсан. Дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүдэд явуулсан. УИХ- ын чуулган эхлэхээр дүгнэлтээ баталгаажуулаад, чуулганаар хэлэлцүүлнэ.
-Муу гээд байгаа дүгнэлтээсээ ганц ч болов жишээ задлаач?
-Зөвхөн цементийн гэрээ байна. Цементээ үнэ нь манай зах зээлийн үнээс гурав дахин илүү үнэтэй авч байгаа нь тогтоогдсон. Энэ хэрээр монголчуудын ногдол ашиг авах хугацаа хойшилно гэсэн үг. Шүгэл байна. Монголын зах зээлд зарагдаж байгаа жирийн нэг шүглийн үнэ Оюутолгойн нийлүүлэлтийн гэрээнд 20 дахин илүү үнэтэй бичигддэг юм байна. Тэд манайхаас ханган нийлүүлэлтээ авдаг гэдэг. Гэтэл тэр нь ердөө таван сая төгрөг дотор эргэлддэг. Гэтэл хамгийн том ханган нийлүүлэгчдийг нь нэр бүхий улстөрчдийн, улс төрийн бүлэглэлийн компаниуд атгачихсан байна.
-Нэр бүхий гэхээр нэлээд олон улстөрч гэсэн үг үү?
-Есөн хүн бий.
-Тэднийг шалгуулах уу?
-Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Шалгуулна. Би өөрөө байцаагч, шүүгч биш учраас шууд зарлаж болохгүй байна. Хууль хяналтын байгууллага дүнгээ танилцуулна байх.
-Үндэслэлийг нь тодруулахгүй юу. Зөвхөн ханган нийлүүлэлт гэсэн нэг тодорхойлолтоор биш болов уу гэж бодлоо?
-Голдуу ханган нийлүүлэлт байгаа. Дээр нь ард иргэдээс ирсэн олон гомдлыг хавсаргасан. Авлигатай тэмцэх газар хариугаа удахгүй өгнө байх. Мөн том, том нийтлэлчдийн нэр ч бий. Их хэмжээний мөнгө авсан байдаг юм билээ. Дандаа намайг муулж бичдэг хүмүүсийн нэр байна лээ. Авлигатай тэмцэх газар хэрэг гэж үзэх эсэх нь тэдний хэрэг.
-“Хэрэг биш” гэж үзвэл та олонд дэлгэх үү?
Оюутолгойн зээлүүлсэн 250 сая ам.долларын хүү, менежментийн зардал хоёр нийлээд өдөр бүр гурван сая ам.долларыг монголчуудаас хүүлж авч байхад үүнийг өмгөөлнө гэдэг байж болох зүйл үү.
-Хуульчдаас асууна. Хэрэв тэр хүмүүс “Нэр хүндэд халдлаа” гээд заргалдвал маш том зорилгын төлөө явж байгаа надад хайран хэрэг болно. Иймд зөвлөлдөнө. Зөвхөн нийтлэлчдийн нэрсийг шууд зарлалаа гэхэд хувийн өс авсан юм шиг хэрэг болж магад. Оюутолгойн зээлүүлсэн 250 сая ам.долларын хүү, менежментийн зардал хоёр нийлээд өдөр бүр гурван сая ам.долларыг монголчуудаас хүүлж авч байхад үүнийг өмгөөлнө гэдэг байж болох зүйл үү.
Монголоор бол таван тэрбум төгрөг. Энэ мөнгийг монголчууд өдөр болгон төлдөг. Ишээд бодохоор манайх хэзээ ч ашиг авахгүй гэсэн үг. Мөн хамгийн том ханган нийлүүлэгч нь АНУ-ийн компани Гурван туслан гүйцэтгэгч нь Хятадынх. Үүнийг би мөнгө угаалт гэж харж байгаа. Тэр дүгнэлтээ ч Авлигатай тэмцэх газарт өгсөн. Гэтэл тэд энэ бүх баримтыг бус харин асуудлыг ярьж байгаа намайг ярьдаг. Намайг муулуулдаг. Энэ чинь өөрөө асуудал байхгүй юу.
-Магадгүй “С.Ганбаатар ярьсаар байгаад монголчуудыгаа залхаачихсан” гэж хардаг байж болох юм?
-Ёстой зөв шүү. Тэд тэгж боддог байхыг үгүйсгэх аргагүй. Гол нь би буруу яриад байсан бол өдийд шүүхэд өгчихсөн байгаа. Гэтэл тэгдэггүй. Зүгээр л муулуулаад байдаг.
-Та дуугүй болох тухай бодож байсан уу?
-Би дуугүй болохгүй. Хэрэв дуугүй боллоо гэхэд тэд “Тэнэг хүнийг гоё тэнэгтүүллээ дээ” гэж ярина. Би тэгүүлэхгүй. Тийм боломж олгохгүй. Гэхдээ бас цөхрөх, халгах үе гардаг юм билээ. Би саяхан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай уулзаад “Би их муулууллаа. Хүнд бас зүрхшээх үе байдаг юм байна. Одоо яавал зүгээр вэ. Хувь хүнд минь их хүнд тусдаг юм байна” гэж хэлсэн. Гэхдээ “Би больдог юмуу даа” гэж хэлээгүй шүү.
-Ямар зөвлөгөө өгч байна?
-Д.Бямбасүрэн гуай их мундаг хүн. “Наад асуудал чинь миний үед ч яригдаж байсан. Би ард түмнээ, уул уурхайг неолиберализм гэсэн үзэлд автуулж гадны хөрөнгө оруулагч нэртэй бурхан шиг царайтнуудад луйвардуулахын эсрэг байсан. Гэсэн ч миний үеийн хүмүүс гэнэ алдлаа. Чи сайн зүтгэ. Чи энэ удаадаа ялах байх аа. Яадаг ч бай дараа, дараагийн том гэрээнүүд хийхдээ зүрх нь чичрэх байх аа” гэж хэлсэн. Энэ үг надад их том урам өгсөн.
-Танд сэтгэлээр унах үе төрж байна гэж үү?
-Хүн л юм хойно доо. Маш муухайгаар хэлүүлээд, доромжлуулаад эхлэхээр тэр бүхнийг уншсан үр хүүхэд, хань ижил минь хүнд цохилтод ордог юм байна. Аавыг нь өдөржин зурагтаар муулж, гүтгэхээр хүүхэд нь юм хойно өрөвддөг юм шиг байна. Тэр сэтгэлийг би мэдэрнэ дээ. Гэсэн ч дуугарах нь миний үүрэг учраас дуугүй байж чадахгүй байна.
-Ярилцлагаа илүү тодорхой болгох үүднээс хөрөнгө оруулагч талын тайлбарыг өөрт тань тавьж байж бодитой хариулт олох болов уу гэж бодож байна. Юун түрүүнд Монголоос хөрөнгө оруулагчид “зугтаж” буй тухай мэдээлэл гарах болж. Энэ нь манай эдийн засгийг “нураах”, цуцаах аюул биш үү. Наад зах нь, манай руу хөрөнгө оруулагчид нэгэн үе шуурч орж ирсэн шиг эргэж гарахдаа Мьянмар руу “нисч” буй тухай яриа байна шүү дээ. Үүнд “Оюутолгой” компанийн үйл ажиллагааг “царцаасан” шийдвэр ихээхэн нөлөөтэй гэх юм?
-Худлаа. “Рио Тинто” тархи угаахдаа гайхалтай чадварлаг шүү. Итгэх хэрэггүй. Тэд бол неолибералистууд. Хөрөнгө оруулагч нэртэй цөлмөгсөд. Тэд ярьж байгаа болохоос бус нотолгоо байхгүй. Хятадын эдийн засаг удааширч, худалдан авалт, буурч байгаатай холбоотой хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа саармагжуулсан. Тавантолгой хүртэл цаг үеийн нөхцөл байдалд хөтлөгдөөд зогсолтод орчихоод байна. Яг ийм үед тэд үүнийг өөрсдийнх нь өмнөөс шаардлага тавьж, сануулга өгдөг хүмүүсийн эсрэг ашигладаг. Шинэ Гвинейд яг ийм тархи угаалтыг ашигладаг байсан.
Тэр аргаа л хэрэглэж байна. Хэрэв ингэж ярих гэж байгаа бол Оюутолгойн зэсийг Хятадад хэдээр худалдаж байгааг, Хятадаас хэдэн төгрөгөөр цахилгаан худалдаж авдгийг мэддэг монгол хүн өнөөдөр байна уу. Би УИХ-ын гишүүнийхээ хувиар тэр гэрээг нь олж үзэх гээд чадахгүй байна. Энэ гэрээ нь тодорхой бус байхад бид тэдний ямар үйл ажиллагааг зогсоож, хохироосон болох юм бэ. Тэд бүхнийг өөрсдийн дураар хийдэг. Далд уурхайг зогсоосон гэдэг. Зогссон юм байхгүй. Ажиллаж байгаа. Баяжмалаа гаргаж байгаа. Маргааш намайг “Худлаа ярилаа” гээд шүүхэд өгөөсэй.
-Шүүхдэлцэхэд бэлэн гэж үү?
-Бэлэн байна. Хүсч байна. Тэдэнтэй шүүх дээр үнэнийг олмоор байна. Тэгээгүй цагт бидэнд үнэнийг мэдэх боломж алга.
-Хөрөнгө оруулагчдын бас нэг тайлбар бий. Энэ нь хөрөнгө оруулалтад дураараа нэмсэн гээд байгаа хоёр тэрбум ам.долларын гаргалгаа. Зөвхөн нэг өнцөг нь гэхэд “Ам.долларын ханшийн өсөлт шууд нөлөөтэй” гэх өгүүлбэр. Талхны үнийн өсөлттэй харьцуулахад орхиж болохгүй тайлбар. “Уучилж болмоор” гээд хэлчихвэл бөөн асуудал болно байх. Гэхдээ асуух эрх гэж бас байна аа?
5,1 тэрбум ам.доллараар Оюу- толгойн ил болон далд уурхай ажиллуулна гэж гэрээ байгуулсан.
-5,1 тэрбум ам.доллараар Оюу- толгойн ил болон далд уурхай ажиллуулна гэж гэрээ байгуулсан. Тэр дотор нь 970 сая ам.долларыг болзошгүй сан гэж оруулсан. Энэ нь өөрийн тань хэлдэг ханшийн өсөлттэй уялдаатай эрсдэлийн сангийн санхүүжилт гэсэн үг. Тэгэхээр 4.1 тэрбумаар босгоно гэсэн байгаа биз. Гэтэл гэнэтхэн л нэмээд дөрвөн тэрбум, цаашлаад 14 тэрбум ам.доллар хэрэгтэй байна гэж нэхэж эхэлсэн. Зүйрэлбэл тэд “Монголын газар дээр 100 давхар байшин барина. Түүнийхээ 34 давхрыг надаас хүүтэй нь худалдаж ав. Үлдсэн 66 давхар нь минийх” гэсэн байгаа юм.
Энд зээлээр өгч байгаа ганцхан давуу тал байгаа биз. Тэд бидэнтэй ингэж наймаалцахыг хүссэн.Одоо тэгсэн бүр даварчихсан. “Байшин барихад мөнгө дутсан. Дөрвөн тэрбум ам.доллар зээлнэ. Гадны 16 банкнаас зээл авна. Дөрөв нь гадаад орнуудын Засгийн газрын банк. Энэ банкуудад танай газрыг барьцаанд тавина” гэж байна. Хэрэв тэдний хүсэл биелбэл бид “Рио Тинто"- той биш Оюутолгойг 16 банктай ярина гэсэн үг. “Рио Тинто” манайхаас гарч явж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл Оюутолгойд эзэн суух эрх нь арилжааны банкууд, тэдгээр банкны хувь эзэмшигч болох улсын орнуудын Засгийн газар болж хувирна. Тэд муу зээлийнхээ багцад оруулчихвал худалдах эрх нь автоматаар тэдэнд шилжинэ гэсэн үг. Тэгэхээр хяналт биднээс гараад явчих байхгүй юу. Харамсалтай нь, Засгийн газар үүнд ямар ч хариулт өгч чадахгүй асуудал бүрэн гацчихаад байна.
-Гэхдээ энэ чинь бизнес шүү дээ. Бизнесийн түүх гэж бас бий. Энэ утгаараа УИХ-аар асуудлын шийдээд, цэгцэнд нь оруулж болохгүй юу. Хөрөнгө оруулагч ямар ч үед өөрийнхөө эрх ашгийн дагуу хөрөнгө мөнгө босгох хүсэл сонирхлоо илэрхийлэх эрхтэй, Иймд хариуцлагыг тэднээс гэхээс илүүтэй асуудлыг шийдэж чадахгүй гацаанд оруулчихаад байгаа Монголын төр үүрэх ёстой биш үү?
-“Рио Тинто” өөрийн тань хэлсэнчлэн монгол төрийн арчаагүй байдлыг дэндүү сайн ашиглаж байна. Гэхдээ би энд Монголын төрийг буруутгаад эхэлбэл бид тэдний олз болно. Тийм ч учраас би сайхан сэтгэлтэй найзтайгаа мэтгэлцээний үеэр яагаад муудалцаад, үсдэлцээгүй вэ гэхээр цаад бодол минь энэ л байсан. Тэгээд ч тэд анхнаасаа манайд хөрөнгө оруулагчийн хувиар орж ирсэн. Манай газар дээр ажиллана. Өөрсдөө тоног төхөөрөмжөө авчирна гэж.
Тэд зээл зуучлагч биш байхгүй юу. Чилийн Уул уурхайн сайд нэг үг хэлж байсан юм. “Бид АНУ-тай нэг орд дээрээ их муу гэрээ хийсэн. 42 хувийг нь бид эзэмшсэн. Бид хүүтэй мөнгө зээлсэн нь үнэн. Энэ уурхай өнөөдрийг хүртэл 35 жил ажиллаж байна. Бид жилдээ нэг ам.долларын ашиг л авдаг гэж”. Энэ бол аймар жишээ. Бид тэгж алдмааргүй байна. “Рио Тинто”-г зэсээ Хятадад хэдээр зарж байгааг мэдэхгүй байж бид зээл авах эрхийг нь нээж өгч болохгүй.
-Гэхдээ “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг монгол хүн тэргүүлж байгаа шүү дээ?
-Харамсалтай нь, тийм. Тэд Монголын ард түмнийг төлөөлж байгаагийнхаа хувьд “Рио Тинто”-гоос цалин авах ёсгүй. Монголчуудыг төлөөлж байгаа хэрнээ нууцлалын гэрээнд гарын үсэг зурчихсан. Бод доо, чамайг төлөөлж байгаа хүн чамаас юм нууна гээд гэрээ байгуулчихсан байна шүү дээ. Ийм байж болохгүй. Би энэ гэрээг байгуулж байх үед эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан. Би анхнаасаа ярьж байсан зүйлээ яг өнөөдөр ярьж байгаа учраас надад айх юм алга. Надад ёс зүйн хувьд ичих зүйл алга.
-Гэхдээ тантай хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр Засгийн газарт сайдын алба хашиж байна. Та тэднээс үг нэхдэг үү?
-Нэхдэг, хэлдэг. “Та нар минь даанч яав даа. Үүн дээрээ ажиллаач ээ. Хэлээч ээ” гэж хэлдэг. Монгол хүмүүс байна даа, ярилгүй яахав.
-Тэд юу гэх юм?
-Зовлон, жаргалаа л ярьдаг юм. Миний нэг баримталдаг зарчим бий. Арчаагүйтэж, тэвчээр алдаад гэрээ байгуулсан хүмүүсийг, урд нь ярьчихаад одоо чимээгүй болсон хүмүүсийг асар их шүүмжлээд гараад ирмээр санагддаг. Гэхдээ биднийг нэгтгэдэг нэг том дайсан бий гэдгийг бодож тэвчиж, дотроо эвдрэлцэхгүй байхыг хүсдэг. Хэрэв тэгэхгүй бол тэд биднийг дор нь “залгина”. Энэ л миний тэвчих хязгаар болж байна. Манай “Оюутолгой ямар ч эрсдэлгүй” гэж ярьдаг нэг сайхан сэтгэлтэй задуу байна аа даа.
Гэтэл миний багш долдугаар ангид байхад минь “Энэ хорвоо дээр эрсдэлгүй зүйл нэг ч байхгүй шүү” гэж хэлж байсан. Би тэр үгийг цаг ямагт боддог. Яг үүний нэгэн адил өнөөдөр усны асуудал байна. Хамгийн том эрсдэлд орчихсон байна. Өөр олон зүйл бий. Хөрөнгө оруулагч гэгч неолибералистууд өнөөдөр Монголын Засгийн газрыг мянга хүрэхгүй монгол ажилтны ажил, амьдралаар дэнчин тавьж, гарыг нь мушгиж байна. Ичгэвтэр шүү дээ. “Хэрэв та нар биднийг зөвшөөрөхгүй бол энэ хүмүүсийг чинь халлаа. Чиний өөдөөс турхирлаа шүү” гэж айлгана. Ингэж болохгүй. Ийм бурангуй байлгаж болохгүй. Энэ нөхцөлд бид тэднээс эерэг хариулт авна гэдэг хэцүү.
-Харин таны дүү болох бүсгүй бол авчихсан, тийм үү. Одоо С.Гантуяа юу хийж байгаа вэ?
-Миний дүү харин чадсан шүү. Одоо хүүхдээ хараад гэртээ байгаа. Хувиараа уул уурхайн буруу хөгжлийн эсрэг, байгаль орчныг хамгаалж ажиллах зорилготой байгаа. Тэр хаана ч газардахгүй. Миний дүү “Монгол залуучууд яагаад хонь шиг болчихсон юм бэ” гэж маш их гайхдаг байсан. Өөрөө бол гадаадуудтай адилхан цалин авдаг байсан байх. Би цалинг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ чадварыг нь мэднэ. Миний дүү Оюутолгойн монгол ажилчид тэнд ажилладаг гадныхнаас 13 дахин бага цалин аваад дуугүй ажиллаад байгаад маш их эмзэглэсэн.
Над дээр орж ирээд “Би ер нь монгол залуусаа өмөөрнө өө. Монголчууд нутагтаа ингэж дарлуулж болохгүй” гэхэд нь би “Чи нялх нойтон хүүхэдтэй. Боль” гэхэд үгэнд минь ороогүй. Жил гаруй үзээд ялалт байгуулсан. Монголын номер нэг хөдөлмөрийн хуульчийг хөрөнгө оруулагчид хөлсөлсөн. Гэсэн ч монголчуудын тусаар, дэмжлэгээр ялсан. Жил гаруйн хугацааныхаа цалин болох 160 гаруй сая төгрөгийг аваад бүгдийг нь буяны үйлд, хүүхдүүдийн төлөө зарцуулсан.
-Та тэр шийдвэрийг гаргахад нь хувь хүнийхээ хувьд гайхсан уу. Эсвэл дэмжсэн үү. 160 гаруй сая төгрөг гэдэг хүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх мөнгө шүү дээ. Мэдээж өндөр хэрэглээтэй хүмүүсийн хувьд өөр байх л даа?
-Би бас хэлсэн л дээ. “Яагаад ингэж байгаа юм бэ. Чи машин ч үгүй, хүүхдээ автобусанд чирээд явж байгаа хүн биз дээ” гэж. Тэгэхэд “Нэгд, яагаад монгол хүмүүс өөрсдийнхөө хүүхдийг хамгаалахын тулд гадны хүмүүсээс гуйлгачин шиг гуйж явах ёстой юм. Энэ тэнэг байдлаа зогсооё. Үүнийг би өөрөөрөө үзүүлнэ. Хоёрдугаарт би тэр хүмүүстэй заргалдаж жил гаруй явахдаа мөнгөний төлөө яваагүй. Монголчуудыг гадныхан сарын хоёр сая гаруй төгрөгийн төлөө эх орноо ч худалдахад бэлэн гэж боддог бол андуурсан байна гэдгийг харуулна. Бидэнд бас мөнгөнөөс илүү үнэт зүйл, хайрлах зүйл бий гэдгийг батална” гэж хэлсэн. Тийм л юм болсон. Миний мэдэж байгаа юм энэ. Бусдыг бол өөрөө тайлбарлана байх.
-Дүүгийн тань энэ тэмцэл танд нэмэх оноо авчирсан уу?
-Үгүй. Би мэдэхгүй байна. Тэгээд ч би өнөөдрийг хүртэл нэмэх онооны төлөө зүтгэж байгаагүй. Гэхдээ би хасах оноо авахгүй байх юмсан гэж боддог. Чин сэтгэлээсээ эх орныхоо төлөө, ирээдүйн төлөө тэмцэж, зүтгэж байхад минь элдвээр хэлж, харааж, тамлахад эмзэглэх үе бий. Дүүгийн минь тухайд ч адилхан. Бас л “Ганбаатар дүүгээ дараагийн сонгуульд бэлтгэж эхэллээ” гэсэн мэдээлэл гарсан байсан. Тийм юм байхгүй. Булингартай сэтгэлгээ л дээ. “Хуурай гүжирдлэгэд хариугүй” гэсэн нэг үг байдаг даа. Харин сэтгэгдэл дунд өөрт минь нэмэх оноо өгсөн нэг л өгүүлбэр байсан шүү.
-Юу гэж?
-“Сайнхүүгийн сайн хүүхдүүд ” гэж. Уншаад баярласан. Аавын минь нэр шүү дээ.