Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг 28 зүйлтэй бөгөөд уг хуулиар Монгол Улсад хуулийн этгээийг шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгажээ.
Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна” гэж, мөн хөтөлбөрийн “өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого”-ын хүрээнд төлбөр тооцоо, бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийж гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтыг тавьсан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа болно.
2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүнгээс үзэхэд хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг онцолсон бөгөөд одоогийн хууль, эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар 5 хоногт бүртгүүлж байгааг хялбаршуулж, хуулийн этгээдийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлэх, хурдан шуурхай, шат дамжлагыг багасгах, чирэгдэлгүй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44,464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93,733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг бүртгэж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн цахим сүлжээг ашиглан бүртгэлийг хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна
Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх зарчмыг хангах, хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран улсын бүртгэлийг хөтлөх зарчим, хэлбэр, нэгдмэл болгох шаардлага, хэрэгцээ гарч байна. Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэхээр холбогдох хууль тогтоомжид заасныг өөрчилж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгох шаардлага байна.
Мөн түүнчлэн иргэн, хуулийн этгээд хуулийн этгээд байгуулахад нэрийг улсын бүртгэлийн нэрийн мэдээллийн сангаас хайх, баталгаажуулах, тэдгээрээс лавлагаа авахад ихээхэн хүндрэл, чирэгдэлтэй байсныг өөрчилж, цахим хэлбэрээр хуулийн этгээдийн нэрийг улсын бүртгэлийн нэрийн мэдээллийн сангаас хайх, баталгаажуулах, хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад тавигдах шаардлага, нэрийн хадгалах, тусгаарлах харилцааг хуульчлах зэрэг практик шаардлага нь энэхүү хуулийн шинэчилсэн найрууллагын төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болж байна.
Нийгэм, эдийн засгийн үр дагаврын талаар
Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүн гарна гэж үзэж байна:
Иргэдэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг адил тэгш, хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, цаг хугацаа хэмнэх, төрийн байгууллагын хүнд суртал арилна. Мөн түүнчлэн хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан ажилтнуудын ажлын ачаалал буурна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэх ажилд 2010 онд 14700 ширхэг гэрчилгээг 22,0 сая, 2011 онд 22500 гэрчилгээг 32,2 сая, 2012 онд 48500 гэрчилгээг 61,2 сая төгрөгийн зардал улсын төсвөөс гарч байна. Мөн хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлж, дахин авах тохиолдолд 33000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлдөг байсныг хуулийн төслийн шинэчилсэн найрууллагад цахим гэрчилгээ олгохоор тусгаж, дээрх зардлыг хэмнэх бололцоо бүрдэнэ.
Түүнчлэн хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэхэд иргэн дунджаар 2-4 цаг зарцуулдаг бөгөөд өдөрт 400-450 иргэн үйлчлүүлж байна. Үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр нэгж ажилд /нэг хүний өргөдлийг хүлээж авах гм/ зарцуулах хөдөлмөр зарцуулалт буюу хугацааны норм (хүн/цаг) 2 дахин багасна.
Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
- Аудитын тухай
- Компанийн тухай
- Төр, сүм хийдийн харилцааны тухай
- Төрийн бус байгууллагын тухай
- Улс төрийн намын тухай
- Боловсролын тухай