Монгол Улсын 2014-2016 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг өргөн барив
2014.03.07

Монгол Улсын 2014-2016 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг өргөн барив

Төсвийн тухай хуульд Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасны дагуу Монгол Улсын 2014-2016 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ийнхүү өргөн барьж байгааг Сангийн сайд танилцууллаа.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 2014 онд 7,270.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.0 хувь, 2015 онд 8,210.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.1 хувь, 2016 онд 9,456.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.4 хувь байхаар төсөөлж байна. Харин төсвийн зарлагын хувьд 2014 онд 7,270.0 тэрбум төгрөгт буюу ДНБ-ий 35.0 хувьд хүрэхээр төсөөлжээ. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2015 онд 8,210.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.1 хувь, 2016 онд 9,456.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.4 хувьтай тус тус тэнцэхээр байгаа юм.

Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогыг тодорхойлохдоо Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй эрсдлүүдийг тооцож, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр дунд хугацаанд үе шаттай бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, цалин тэтгэвэр, тэтгэмжээс бусад урсгал зарлагын өсөлтийг хязгаарлан эрэлтээс шалтгаалсан инфляцийн хөөрөгдлийг бий болгохгүй байхыг зорьжээ.