Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөлтэй танилцана уу
Манай улс 2006 онд Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийн дагуу хүүхэд бүрт сар бүр 3000, улиралд 25000 төгрөг, шинээр төрсөн хүүхдэд 100000 төгрөг олгож байсан нь өрхийн амьжиргаанд бага боловч нэмэр болж, төрөлтийг нэмэгдүүлсэн. Харин 2009 онд батлагдсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар эх, хүүхдийг дэмжсэн дээрх хуулийг хүчингүй болгосон нь олон өрхийн амьдралд хүндээр туссан байна.
Одоо Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам 24000 төгрөгийг, иргэнд бүрт хүүнийн хөгжил сангаас сар бүр 21000 төгрөгийг олгож байгаа боловч энэ нь иргэдийн ялангуяа эх хүүхдийн наад захын амьжиргааг хангахад хүрэлцэхгүй байгаа бөгөөд эхчүүд хүүхэд төрүүлж хүүхдээ асрах хугацаанд ямар нэг цалин орлого байдаггүй нь эмэгтэйчүүд хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлэх боломжийг хязгаарлаж байдаг.
Иймд эхчүүдийг дэмжих, хүн амын тогтвортой өсөлт, зохистой бүтцийг хангахын тулд айл өрх бүр 3 ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, өсгөхийг урамшуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэхтэй зорилгоор Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг боловсруулсан болно.
Хуулийн төслөөр 3 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлэн, хүүхдийнхээ наад захын хэрэгцээг ханган өсгөн хүмүүжүүлж байгаа эхчүүдэд сар бүр урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг дээрх хуулийн төсөлд тусгалаа. Хуулийн төсөлд 0-16 насны 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд сар бүр хөдөлмөрийн хөслний доод хэмжээний тодорхой хувиар урамшуулал олгож байхаар хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, 3 хүүхэдтэй эхчүүдэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар урамшуулал олгох зэргээр 8, түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор төсөлд заасан.
Түүнчлэн эхчүүд хуулийн төсөлд заасан урамшуулалыг авахын тулд хүүхдээ эсэн мэнд бойжуулсан өсгөн хүмүүжүүлж байх, 6-16 насны хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд суралцуулдаг байх гэсэн нөхцөлийг хангасан байх шаардлагатай бөгөөд хуулийн төсөлд урамшуулалыг олгох, урамшууллыг авахад бүрдүүлэх баримт бичиг, урамшууллыг олгхо санхүүжилт зэрэг зохицуулалтыг тусгалаа.
Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага
1.1.Хууль зүйн шаардлага:
1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”; мөн зүйлийн 11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тус тус заасан.
2/ Монгол Улс 1969 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Эхчүүдийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенцийн 4.1, 4.2-т “Жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж авах эрхтэй. Мөнгөн тэтгэмжийн хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд энэ нь эх, хүүхдийн амьдралын зохистой түвшинд эрүүл, бүрэн бүтэн байдлыг хангахуйц байна” гэж заасан.
3/ УИХ-ын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.5-д “Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300.0 мянган төгрөг, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд 500.0 мянга, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 1.0 сая төгрөгийн тэтгэмж олгоно” гэж заасан.
1.2.Практик шаардлага:
Төрөлтөд нийгэм, эдийн засаг, соёлын талаасаа ажил эрхлэлт, орлого, боловсрол, шашин шүтлэг, амьдарч буй байршил, мэдээлэл хүртэх байдал, эрүүл мэнд, хууль тогтоомж, бодлогын хүчин зүйлс нөлөөлж байдаг. Монгол Улсын хүн ам зүйн талаархи зарим судалгаанаас үзэхэд нэг өрхөд дундажаар 2 хүүхэд ногдож, 100 эхэд ногдох төрөлтийн тоо эрс багассан байгаа нь хүн амын амьжиргааны өртөг өндөр, эх хүүхдийг дэмжсэн бодлого оновчгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал, улсын хэмжээнд 2011 оны эхний улиралд 15826 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 997 эхээр буюу 5.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 15881 болж, 994 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын хүн ам зүйн талаархи зарим судалгаанаас үзэхэд нэг өрхөд дундажаар 2 хүүхэд ногдож, 100 эхэд ногдох төрөлтийн тоо эрс багассан
Манай улс 2006 онд Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийн дагуу хүүхэд бүрт сар бүр 3000, улиралд 25000 төгрөг, шинээр төрсөн хүүхдэд 100000 төгрөг олгож байсан нь өрхийн амьжиргаанд бага боловч нэмэр болж, төрөлтийг нэмэгдүүлж байсан. Энэ нь Монгол Улсын хүн амын дундаж өсөлт 1986-2002 оны хооронд 2.8-аас 1.4 хувь болтлоо буурсан байсан бол 2006 оноос төрөлт нэмэгдэж 1000 хүн амд ногдох төрөлт 2005 онд 17.8 байсан бол 2006 онд 19.0, 2007 онд 21.7, 2008 онд 24.0, 2009 онд 25.5 болж нэмэгдсэнээс харагдаж байна. Харин 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хуулиар эх, хүүхдийг дэмжсэн дээрх зохицуулалтыг хүчингүй болгосон нь олон өрхийн амьдралд хүндээр туссан байна. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 68.735 эх төрсөн бол энэ тоо 2010 онд 62.942 болж 5.792-оор буурсан байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдсэн үзүүлэлт байгаа ч хүн амын насны бүтцийн өөрчлөлт, өрхийн ам бүлийн дундаж хүний тоо зэргээс үзэхэд 2025 он гэхэд хүн амын жилийн дундаж өсөлт 0.9 хувьд хүрч буурах тооцоо гарсан байна
Одоо Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам 24000 төгрөгийг, иргэнд бүрт хүнийн хөгжил сангаас сар бүр 21000 төгрөгийг олгож байгаа боловч энэ нь иргэдийн ялангуяа эх, хүүхдийн наад захын амьжиргааг хангахад хүрэлцэхгүй байна. Эхчүүд хүүхэд төрүүлэх, асрах, өсгөн хүмүүжүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжоо хязгаарлаж байдаг. Түүнчлэн бага насны хүүхдийн цэцэрлэг, ясли дутагдалтай байгаагаас гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг хослуулах боломж хязгаарлагдмал байна. Үүнээс улбаалан, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, асрах хугацаанд ямар нэг цалин орлого байдаггүй нь төрөлт буурах нэг шалтгаан болж байна.
“Эхчүүдийг хамгаалах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенц”-ийн 4 дүгээр зүйлд “жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж авах эрхтэй, мөнгөн тэтгэмжийн хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд энэ нь эх, хүүхдийн амьдралын зохистой түвшинд эрүүл, бүрэн бүтэн байдлыг хангахуйц байна” гэж заасан. Манай улсын хувьд Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам 24000 төгрөг олгож байгаа боловч энэ нь дээрх конвенцид мөнгөн тэтгэмжийн хэмжээ эх, хүүхдийн амьдралын зохистой түвшин, эрүүл, бүрэн бүтэн байдлыг хангахуйц байна” гэсэнтэй нийцээгүй байх бөгөөд иргэдийн ялангуяа эх, хүүхдийн наад захын амьжиргааг хангахад хүрэлцэхгүй байна.
Нийгмийн халамжийн зорилтот бүлэгт түлхүү чиглүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ хүн амын зохистой өсөлтийг нэмэгдүүлэх, хөгжлийг хангах бодлогыг орхигдуулж болохгүй юм. Учир нь сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаа ч хүн амын насны бүтцийн өөрчлөлт, нэг өрхөд ногдож байгаа хүний тоо зэргээс хамааран 2025 он гэхэд хүн амын жилийн дундаж өсөлт 0.9 хувь хүртэл буурах тооцоо гарсныг дээр дурдсан билээ. Нийт хүүхэдтэй өрхийн 76,1 хувийг нь 1-2 хүүхэдтэй өрх эзэлж байна. Эдгээр өрхөд 0-18 насны нийт хүүхдийн 53,6 хувь нь өсч, хүмүүжиж байна. Иймээс хүн амын тогтвортой өсөлт, зохистой бүтцийг хангахын тулд айл өрх бүр 3 ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, өсгөхийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгана.
2011 оны эхний улиралд 15826 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 997 эхээр буюу 5.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 15881 болж, 994 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Дэлхийн олон орны хүн амын хөгжлийн хандлагаас үзвэл, эмэгтэйчүүдийнх нь боловсролын түвшин дээшилж, нийгмийн амьдралд тэдний оролцох идэвхитэй оролцоо нэмэгдэхийн хирээр, хүүхэд төрүүлж, өсгөн гэртээ суух явдал эрс буурч улмаар хүн амын өсөлт нь саарч эхэлдэг нийтлэг үзэгдэл ажиглагддаг билээ. Тус улсын нийгэм, эдийн засаг 1960-аад оноос эрчимтэй хөгжиж, ялангуяа соёл, боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтүүд дэлхийн улс орнуудын дундаж зарим талаар түүнээс ч өндөр болж ирсэн билээ. Үүний зэрэгцээгээр үйлдвэрлэл, үйлчилгээнд эмэгтэйчүүд улам өргөнөөр татагдан орж, боловсрол, эрүүлийг хамгаалах, үйчилгээний салбарт ажиллагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байсан зэрэг нь хүн амын өсөлтийг саархад нөлөөлсөн гэж үзэх үндэстэй.
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор тус улсын хүн ам 2373.5 мянга болсон нь 1989 оныхоос нийтдээ 329.5 мянган хүнээр, жилд дунджаар 30.0 мянгаар буюу 1.4 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх 10 жилийн өсөлтийн дундаж хэмжээнээс 14.9 мянган хүнээр буюу 1.1 пунктээр буурсан үзүүлэлт болно. Ийнхүү хүн амын өсөлт 1980 оны дунд үеээс буурч эхэлсэн нь үүний түрүүчийн хэсэгт тэмдэглэсэн хүчин зүйлсээс гадна 1990 оны эхнээс тус улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих болсонтой уялдаатайгаар нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлт, ард түмний аж байдлын доройтол, ажилгүйдэл газар авч, эрүүл мэндийн үйчилгээг зах зээлийн зарчмын дагуу явуулж эхэлсэний сөрөг үр дагаварын нэг илрэл гэж тайлбарлаж болох юм.
“Эхийн алдар” одонтой эхэд олгож буй тэтгэмж нь ихэнхдээ 40-өөс дээш насны эхчүүдэд олгогдож байгаа бөгөөд нөхөн үржихүйн насны эх, эмэгтэйчүүдийн хувьд олгогдож буй тусламж дэмжлэг байхгүй байгаа нь төрөлт буурах нэг хүчин зүйл болж байна.
Үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар
Энэхүү хуулийн төсөл батлагдан гарснаар дараахь эерэг үр дагавар үүснэ гэж үзэж байна:
- Хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, төрөлтийг нэмэгдүүлнэ;
- Хүүхдийн амьдрах орчин, нөхцөл дээшилж, сурч боловсрох эрх хангагдана.
- Өрх, гэр бүлийн амьжиргааг дээшлүүлж, эхчүүдийн нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэнэ.
Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж
Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулж батлуулах шаардлагагүй болно.
Хуулийн төсөл
ЭХЭД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь 0-16 насны 3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эхэд сар бүр урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эхэд урамшуулал олгох тухай хууль тогтоомж
2.1. Эхэд урамшуулал олгох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоы тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “хүүхэд” гэж 0-16 хүртэлхи насны Монгол Улсын иргэнийг;
3.1.2. “3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эх” гэж 0-16 насны 3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн буюу үрчлэн авч, өөрөө өсгөн хүмүүжүүлж байгаа эх.
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1. Энэ хуульд дараахь эхчүүд хамрагдана:
4.1.1. Монгол Улсын харьяат бөгөөд Монгол Улсад амьдарч байгаа эх;
4.1.2. Гадаад улсын нутаг дэвсгэрт түр амьдарч байгаа Монгол Улсын харьяат эх.
4.2. Хоёрдмол харьяалалтай болсон иргэнд энэ хууль хамаарахгүй.
5 дугаар зүйл. Урамшуулал олгох нөхцөл
5.1. Эх 3 дахь хүүхдээ төрүүлснээс хойш 8 сарын дараа энэ хуульд заасан урамшуулал авах эрхтэй.
5.2. Эх 4 болон түүнээс дээш хүүхдээ төрүүлсэн тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан хугацааны дараа урамшуулал авах эрх үүснэ.
5.3. Урамшуулал авах эхийн төрүүлсэн хүүхэд дараахь нөхцөлийг хангасан байна:
5.3.1. Эсэн мэнд бойжиж байх;
5.3.2. 06-16 насны хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байх.
5.4. Хэрэв эх 3 болон түүнээс дээш хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол хүүхдүүдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол урамшууллыг авах эрхтэй.
6 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
6.1. Энэ хуулийн 5.1, 5.2, 5.4-т заасан урамшуулал авахын тулд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
6.1.1. Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6.1.2. Эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэхийн буюу түүнтэй адилтгах баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6.1.3. тухайн сум, хороонд оршиг суугааг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
6.1.4. 0-6 насны хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, баг, өрхийн эмчийн тодорхойлолт;
6.1.5. 06-16 насны хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа тухай сургалтын байгууллагын тодорхойлолт;
6.1.6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсоны дагуу энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
6.6. Урамшуулал авахыг хүссэн эх өргөдөл болон энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж дүүргийн нийгмийн халамж үйлчилгээ байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө.
6.7. Урамшуулал авч байгаа эх 6.1-д заасан баримт бичгийг жил бүр шинэчлэн бүрдүүлж өгөх үүрэгтэй.
7 дугаар зүйл. Урамшуулал олгох
7.1. Сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 6.6, 6.7-д заасан баримт бичгийг үндэслэн урамшуулал олгох тухай захирамж, тушаал гаргана.
7.2. Энэ хуульд заасан урамшуулал олгох ажлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
7.3. Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага урамшуулал авагчийн хүсэлтээр тэдгээрийг хадгаламжид шилжүүлэх буюу арилжааны банкаар дамжуулан олгож болно.
8 дугаар зүйл. Урамшууллын хэмжээ, түүнийг олгох хугацаа
8.1. Эхэд урамшууллыг сар тутам дор дурдсан хэмжээгээр олгоно:
Хүүхдийн тоо /0-16 насны/ |
Олгох хэмжээ |
3 дахь хүүхэд |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх |
4 дэх хүүхэд |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувьтай тэнцэх |
5 дахь хүүхэд |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх |
6 дахь хүүхэд |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх |
7 дахь хүүхэд |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх |
8 ба түүнээс дээш хүүхэд |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх |
8.2. Хүүхэд 16 нас хүрснээр тухайн эхийн урамшуулал авах эрх дуусгавар болно.
8.3. Энэ хуульд заасан урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.
9 дүгээр зүйл. Урамшууллын санхүүжилтийн эх үүсвэр, түүний зохион байгуулалт
9.1. Энэ хуульд заасан урамшууллыг Хүний хөгжил сангаас олгоно.
9.2. Урамшууллын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, шаардагдах хөрөнгийг Хүний хөгжил сангийн төсөвт тусгах асуудлыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
9.3. Урамшууллын санхүүжилтийн зохион байгуулалт, зарцуулалтыг гүйцэтгэлийн тайланд тусгах, хяналт тавих асуудлыг санхүүгийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлнэ.
10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр энэ хуульд заасан урамшуулал тогтоолгосон гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч 10000-50000 төгрөгөөр торгоно.
10.2.Урамшуулалд хамрагдах иргэний тодорхойлолтыг үндэслэлгүйгээр болон хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Нийгмийн халамжийн тухай хуулийн 35.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.3. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр энэ хуульд заасан урамшуулал тогтоолгосон гэм буруутай этгээдээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хохирлыг нөхөн төлүүлнэ.
11 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа
11.1. Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг