"Хүнсний нэмэлт-Талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт" гарын авлага, зөвлөмж ном гарлаа
Шинэ ном гарлаа
2014.03.05

"Хүнсний нэмэлт-Талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт" гарын авлага, зөвлөмж ном гарлаа

Монголын Хүнсчдийн Холбооноос Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон ажлуудыг хийж байна. Хууль хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан дүрэм, журмын талаарх мэдээллийг “Хүн ба Хүнс” сэтгүүлээр дамжуулан үйлдвэрлэгчдэд хүргэх, эрүүл ахуй, үйлдвэрийн зохистой дадлыг хэвшүүлэн ажиллахад мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлээр үйлдвэрлэгчдэд нэн хэрэгцээтэй гарын авлага зөвлөмж гаргаж,  сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Даяарчлагдаж буй өнөө үед хүнсний аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтэрч, хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн найрлагад орж буй түүхий эд, хүнсний нэмэлт бодисын нэр төрөл ч эрс нэмэгдэж байна. Хүнсний бүтээгдэхүүний технологийн зориулалтаар  хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, биет байдал, өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилгоор ашиглаж буй хүнсний нэмэлт бодисын нэр төрөл олширч, хэрэглээ нь ч өсч байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хүнсний нэмэлт бодисын шинжээчдийн нэгдсэн хорооны хурлаар хүнсний нэмэлт бодисын аюулгүй байдлын үнэлгээ, хэрэглээний зөвшөөрөгдөх хэмжээ, хүнсэнд хэрэглэх, хориглох нөхцлийг тогтоон өгдөг билээ. Түүнчлэн олон улс орнуудад тухайлбал АНУ, ОХУ-д хүнсэнд хэрэглэж болох, татгалзах, хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт бодисыг дүрэм, журмаар зохицуулж өгдөг байна. Харин манай улсад энэ талаар гарсан ямар нэгэн зохицуулалт, хэрэглэгдэж буй хүнсний нэмэлт бодисын нэгдсэн бүртгэл, мэдээлэл ч байхгүй байгаа нь харамсалтай юм.  

Монголын Хүнсчдийн Холбооноос хүнсний нэмэлт, туслах түүхий эдийн орц найрлагад орсон хүнсний нэмэлт бодисын гарал үүсэл, нэршил, томъёолол, тэдгээрийн зориулалт, хадгалах нөхцөл, хэрэглэх зааврын талаар мэдлэг, мэдээлэл өгөх үүднээс цуврал гарын авлага, зөвлөмжийг үйлдвэрлэгч, импортлогчдод зориулан гаргаж байна. Цувралын эхний дугаар болох “ХҮНСНИЙ НЭМЭЛТ – Талх гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт гарын авлага, зөвлөмжийг Та бүхэнд толилуулж байна. Энэхүү гарын авлага зөвлөмж нь талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, хүнсний нэмэлт бодис импортлогч аж ахуй нэгж, салбарын ажилтан, ажиллагсад хүнсний нэмэлт бодисын талаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхэд хувь нэмэр  болно гэдэгт итгэж байна.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллаж буй салбарын эрдэмтэн судлаач багш нар, гишүүн байгууллага, үйлдвэрлэгчиддээ Холбооны Удирдах Зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Хүнсчдийн холбоо