Байнгын хорооны гишүүд шүлхий өвчний талаар мэдээлэл сонсов
Мэдээлэл сонсох үеэр.
2014.02.27

Байнгын хорооны гишүүд шүлхий өвчний талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, гишүүн А.Бакей, Ц.Цолмон нар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж нарын хүмүүстэй өнөөдөр уулзан шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Сүхбаатар аймгийн Онгон суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр оношлогдсоноос хойш өнөөдрийг хүртэл Сүхбаатар аймгийн зургаан сумын 1997 үхэр, Хэнтий аймгийн Галшар сумын 392 үхэр, Дорноговь аймгийн таван сумын 568 үхэр өвчилснийг устгалд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Өнөөдрийн байдлаар шүлхий өвчинтэй тэмцэх ажилд аймгуудын Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллагын нийт 1425 хүн, 285 машин устгал, ариутгал, хяналтын 295 цэгт ажиллаж байгаа гэсэн мэдээллийг яамны зүгээс өглөө.

Мэдээлэл сонссон Улсын Их Хурлын гишүүд малд тарьж байгаа вакцины чанар ямар байгаа, үр дүнгээ өгч байгаа эсэх, вакцин тарих ажлын хяналт ямар байна, халдварт өвчин гарсан шалтгаан, хариуцлагын талаар лавлаж байлаа.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Тувааны хариулснаар, шүлхий өвчин гарсан хэд хэдэн шалтгаан байгаа аж. Анх өвчний шинж тэмдэг илэрсэн газрын хил залгаа хятадын талд шүлхий өвчин гарсан байсан бөгөөд агаар дуслын замаар халдсан байж болох талтай юм байна. Түүнчлэн шүлхий өвчний вирусыг зэрлэг амьтад тээхээс гадна мал ч идэвхгүй байдлаар вирус тээж байдаг юм байна. Малын дархлаа муудах, вирусын идэвхжлээс шалтгаалаад шүлхий өвчин сэргэх тохиолдол байдаг гэлээ.

Вакцин тарьсны дараа 85 хувийн дархлаа тогтдог нь практикаар тогтоогдсон бөгөөд тарилга хийсний дараах шинжилгээгээр 65-86 хувийн дархлаа тогтсон нь тодорхой болсон юм байна.

Харин вакцины нөөцийн хувьд хангалтгүй байсан учир ОХУ, Хятадаас худалдан авах ажлыг зохион байгуулан эхний ээлжийн вакцин маргааш ирж байгаа аж. Худалдан авч байгаа вакцины хувьд чанарын сертификаттай, вакциныг тусгай зөвшөөрөлтэй компани оруулж ирдэг, олон талын хяналт тавьдаг гэж тэрбээр тодруулж байлаа.

Түүний хэлснээр, вакцин оруулж ирэх ажил хяналттай яваа хэдий ч малыг бүрэн вакцинжуулах ажилд тавих хяналтын явцад алдаа гарсан тал бий аж. Вакцинд хамруулсан гэсэн малаас сонгож аваад шинжилгээнд хамруултал 10 гаруй малын хоёрт нь вакцин хийгээгүй нь тогтоогдсон аж. Тиймээс вакцин тарих ажилд тавих хяналтад харуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцсон байна. Зарим малчдын зүгээс ч малдаа вакцин тариулахгүй гэж эсэргүүцсэн тохиолдол бас гарсан гэлээ.

Гишүүд мэдээлэл сонссоны дараа малын гоц халдварт өвчний гаралт, тархалтыг зогсоох чиглэлээр ямар ажил хийх вэ гэдгээ шийдэх ёстой. Энэ талаар Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэж тэд үзэж байгаагаа илэрхийлсэн. Юуны түрүүнд өвчин яагаад гарав гэсэн дүгнэлт маш тодорхой байж цаашид авах арга хэмжээ тодорохой болох учиртайг гишүүд сануулсан юм.

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, “Малчид нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж малаа вакцинд бүрэн хамруулах нь энэ өвчний тархалтаас сэргийлэх ач холбогдолтой. Арьс шир, ноос, ноолуурын урамшуулал авах малчдад малаа бүрэн вакцинжуулсан байх шаардлага тавьж байвал зүйтэй. Тиймээс яамныхан энэ талаар дүрэм журмандаа тусгаж ажиллаарай” хэмээсэн. Түүнчлэн тэрбээр Монголдоо вакцин үйлдвэрлэх боломж, явцын талаар цаг тухай бүрд нь мэдээлэл өгч байхыг үүрэг болголоо. Цаашид Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа бол саналаа боловсруулан оруулж ирэх хэрэгтэй гээд, шинээр ирж буй вакцины тээвэрлэлт, хуваарилалт, тарилгын явцад онцгой анхаарч ажиллахыг анхааруулла