Т.Мөнгөнцацрал: Хараат бус гишүүд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах өндөр хариуцлагыг хүлээдэг
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнгөнцацралтай ярилцлаа.
-Манай оронд компанийн засаглалыг сайжруулахад юу хамгийн гол нь хэрэгтэй вэ?
Эрх зүйн орчин хангалтгүй сул байна гэж ярихаасаа урдаар засаглал хэрэгжүүлэх шатанд байгаа ТОП менежерүүдийн сэтгэлгээ, зан үйлийн асуудал их чухал байгаа. Одоогийн байгаа эрх зүйн орчны түвшинг 10 жилийн өмнөх түвшинтэй харьцуулахад харьцангуй сайжрсан, эерэг үр дүн гарна. Харамсалтай нь хуульчлаад л бүх асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс эрх зүйн орчинг сайжруулах гэдэг чухал гэхдээ илүүтэйгээр Компанийн удирдлагууд ТОП менежерүүдийн хандлага, сэтгэлгээнд нөлөөлөх явдал чухал. КЗ-г хэлбэр төдий хэрэгжүүлдэг биш бодитоор нь хэрэгжүүлэх ёстой гэсэн үг.
-Компаниуд бизнесээ өргөжүүлж цар хүрээгээ тэлэхийн тулд засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх ёстой. Цаг үе юуг шаардаж байна вэ.
Бизнесээ өргөжүүлж цар хүрээгээ тэлэхийн тулд хөрөнгө оруулалт татах шаардлага зайлгүй гарч ирдэг. Тэгэхээр хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид тухайн компанийн засаглал, менежментийн бодлого, алсын хараа, санхүүгийн чадавхи зэргийг гол шалгуур үзүүлэлтээ болгодог. Жишээ нь хүн халаасандаа байгаа 100.000 төгрөгийг банкинд хадгалуудаад жилийн эцэст 106.000 төгрөг болгож авах уу.
Аль нэг компанид хөрөнгө оруулаад ногдол ашиг авах уу гэдгээ сонгохын тулд дээрх шалгууруудыг нэн тэргүүнд нь харах нь ойлгомжтой. Тэгэхээр бизнес эрхлэгчид “Засаглал” гэдгээ өөрсдөө зохистой ойлгох хэрэгтэй. Засаглалын чиглэлээр сургалтууд явуулж байхад компанийн менежерүүд бидний мэддэг зүйлийг ярьж байна гэсэн хандлагатай байдаг. Харин сургалтын дараа, харилцан ярилцаад ирэхээр хандлага нь өөрчлөгддөг. Засаглал гэдэг зөвхөн бизнес сэтгэлгээ, биенесийн ур чадвар биш гэдгийг л ойлгох нь чухал.
-Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин хэр бүрдсэн бэ. Хэрхэн хамгаалдаг вэ?
Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нэлээн хэдэн заалтууд орж ирсэн. Харамсалтай нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг 100 хувь хамгаалах боломж төдийлөн бүрдээгүй. Энэ их олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Хамгийн ихээр нөлөөлж байгаа нь өмчийн эзэн хэн байна вэ гэдэг асуудал. Манай улсад компанийн өмч нь Гэр бүлийн, Төрийн гэсэн 2 хэлбэрт л үндсэндээ хуваагдаж байна. Хамгийн чухал Олон нийтийн өмчийн компаниуд бараг байхгүй гэж хэлэхэд болохоор байгаа нь үүнд нөлөөлж байна. Хэдийгээр нээлттэй ХК гэсэн хэлбэр байгаа боловч жин дарах, томоохон хувьцаа эзэмшигчид нь гэр бүлийн гишүүд, нэгдмэл сонирхолтой этгээдүүд байхаар ТУЗ-ийг бэлгэдэл төдий байгуулах, ногдол ашиг хуваарилахгүй байх зэрэг асуудлууд байсаар байгаа.
Компанийн тухай хуулинд ХК-д Хараат бус ТУЗ-ийн гишүүдийн эрхийг баталгаажуулсан нь маш том амжилт. Хараат бус гишүүд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах өндөр хариуцлагыг хүлээдэг. Ер нь хувьцаа эзэмшигч гэдэг компанийн өмнөөс ямар нэг хариуцлага хүлээхгүй боловч өөрийн эзэмшиж буй хувьцааны тоогоор эрсдэл хүлээж байдаг учир ТУЗ-г сонгохдоо л анхаарах нь өөрийн эрх ашгаа хамгаалах гол суурь.
-Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нууцаар зарах асуудал байсаар байна. Хамгаалах тогтолцоог бүр илүү нарийсгахын тулд яах вэ. Энэ тал дээр танайхаас гаргасан санал, санаачилга байгаа юу?
Энэ бол цэвэр хулгайн гэмт хэрэг. Өмчийн эзний зөвшөөргүйгээр, нуун далдлах замаар эрхэд нь халдаж байгаа асуудал. Хуулиар хориглосон заалт байсаар байтал энэ мэт үйлдэл байсаар байгаа нь нөгөө хандлага,
Компаний тухай хууль 2011 онд шинэчлэгдэн батлагдсан.
зан үйлдээ өөрчлөлт хийх болсныг харуулж байна. Энэ нь эргээд ямар хортой вэ гэхээр тухайн компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад хөрөнгө оруулагчидын итгэлийг алдах, компани орших уу, үгүй юу гэдэг асуудал дээр хүргэдэг. Энэ асуудлууд ихэнхдээ ХК дээр гардаг. Асуудлыг тодруулахаар их хувьчлалаар буюу цэнхэр ягаан тасалбараар хувьцаа авсан жижиг хувьцаа эзэмшигчид олдохгүй байна, зарим нь нас барсан байна. Компанийн өөрийн зорилготой нэгдэх сонирхолгүй этгээд байна. Хяналтаа алдах гээд байна гэх мэт маш олон шалтаг ярьдаг. Гэхдээ энэ бол шалтгаан биш.
Тэгэхээр ямар ч тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байхыг бидний зүгээс анхааруулдаг. Үүнийг хянахад хэцүү. Иргэдтэй уулзаад яриахад дээр үед нэг тийм хувьцаа байсан одоо яасан бол бүү мэд гэх хүмүүс олон таардаг. Бас нэг их ногдол ашиг шаардсан хүмүүс ч байдаг. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид маань бас хөрөнгөндөө хариуцлагтай хандаж, хөрөнгийн зах зээл, эрх зүйн орчны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь чухал байна. Дээрээс нь брокер, диллер зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд бас ёс зүйтэй хариуцлагатай баймаар байна.
-Компанийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ. ТУЗ-ийн гишүүд хөндлөнгийн этгээдээс хараат бус байж чадаж байна уу?
ТУЗ гэдэг өөрөө хөрөнгийн эзэд болох Хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл байдаг. Тэгэхээр тэднээсээ хараат байна. ТУЗ-ийн гишүүнээр сонгогдоно гэдэг маш өндөр хариуцлагын асуудал. Зөвхөн өөрийн хөрөнгөөр эрсдэл хүлээх биш өөрийг нь итгэж сонгосон хувьцаа эзэмшигчдийн өмч хөрөнгийн өмнө хариуцлага хүлээдэг.
Компанийг урт удаан хугацаанд тогтвортой оршин тогтнох эсэх нь ТУЗ-ийн шийдвэр, менежменгийн бодлогоос ихээхэн хамаардаг. Хамгийн чухал нь аливаа шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс л ангид байх явдал. Тэгэхээр ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо хэд хэдэн зүйлийг анхаармаар байна. Тухайлбал ТУЗ-ийн гишүүдийн насны асуудал байна.
16-20 настай ТУЗ-ийн гишүүд байдаг.
Тэдгээр нь ихэвчлэн томоохон хувьцаа эзэмшигчийн юм уу, ТУЗ-ийн өөр нэг гишүүний үр хүүхэд ах дүү нь байдаг. Энэ бол цэвэр бэлгэдлийн чанартай гишүүд. Компаниуд ТУЗ-өө сонгохдоо насны дээд хязгаарыг нь голчлон тавьдаг, доод хязгаар нь байдаггүй. Үнэхээр засаглал сайтай байхыг хүсч байгаа л бол үүнийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан бодитой шийдвэр гарах магадлал буурна. Мөн ур чадвар, давхар ТУЗ-ийн харъяалал байна.
Хуулин дээр ТУЗ-ийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор ТУЗ-ийн гишүүнээр сонгогдох, нэр дэвшихийг хориглодог боловч Давхар ТУЗ-ийн харъяаллыг хориглоогүй. Жишээ нь нэг ХК-д байгаа ТУЗ-ийн гишүүн нь өөр нэг ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байх нь бараг хэвийн үзэгдэл шиг болоод байна. Нэн ялангуяа ТӨХК-ийн асуудал бүр хүнд. ТУЗ-ийн гишүүдийг ТӨХ-оос томилдог, Төрийн өмч гэдэг ТӨХ-ны өмч биш л баймаар. Та бидний бүрдүүлдэг төсвөөс санхүүжиж байгаа бол Монголын нийт иргэдийн өмч. Тэгэхээр нээлттэйгээр ТУЗ-ийн гишүүнээ сонгодог тогтолцоонд орох нь зөв байх. Нэг ёсны нийтийн өмч давамгайлсан компанийн хэлбэрийг түлхүү хөгжүүлэх шаардлага байна. Төрийн өмч гэхээр нь эзэнгүй өмч шиг ханддаг, хариуцлагагүй ТУЗ-тэй байснаас үүдэн гарах хор хохирлыг эцсийн бүлэгтээ та бид л хүлээнэ. ТУЗ-д нэр дэвшиж байгаа Хувь хүн өөрөө ёс зүйтэй л баймаар байгаа юм.
-ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг мэргэшүүлэх асуудалд хэрхэн ханддаг вэ. Мэргэшсэнээр ямар ач холбогдолтой юм бэ.
Манай улсын компанийн түүх, хөгжил өөрөө их залуухан. Тэгэхээр үндэсний бизнесменүүдээ чадавхижуулах замаар хөрөнгө оруулалт татахад мэргэшүүлэх асуудал зайлшгүй байна.
-Компанийн засаглалын зарчимд хувьцаа эзэмшигчид өмчлөх эрхээ баталгаажуулсах, компаний үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн болон чухал мэдээллийг цаг алдалгүй авах, хуралд оролцох, санал өгөх, ногдол ашиг эрхтэй. Энэ эрхүүд Компанийн хуульд хэрхэн тусгагдсан бэ
Бид өнөөдөр цахимжсан ертөнцөд байгаа үед хуулийн зарим заалт нь өмнөх зууны үеийнхээрээ байгаагийн нэг нь энэ асуудал. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг сонин дээр нийтлүүлнэ гэсэн байдаг. Тэгвэл хөдөө малчин иргэнд тухайн сонин хүрээд хуралдаа ирэх боломж хэр байх вэ. Үнэхээр л засаглалыг сайн байлгахыг хүсч байгаа бол заавал хуулийн үгэнд баригдах шаардлагагүй. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээ гаргаад гар утас руу нь мессэж хэлбэрээр илгээх, өөрийн цахим хуудсандаа зараа байрлуулах зэрэг олон аргуудыг хэрэглэж болно. Харин ногдол ашгийн тухайд тухайн жил ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг ТУЗ гаргадаг. ТУЗ харин тухайн шийдвэрийн үндэслэл, шалтгаанаа Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлбарлах үүрэг хүлээдэг. Хуулин дээр ийм тохиолдолд ногдол ашиг тарааж болохгүй гэсэн заалтууд байдаг ч тийм тохиолдолд ногдол ашиг заавал тараана гэсэн зүйл байхгүй.
Манай бараг бүх компаниуд банкинд өртэй, тэгэхээр ашигтай ажилласан гээд шууд ногдол ашиг тараагаад эхлэхээр банкний хүү, зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй, ингэвэл банкны салбарт ч төдийгүй эдийн засгийн байдалд ч халтай. Хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараах эсэх талаар ТУЗ-ийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд шинжилгээ хийх юм. Хувьцаа эзэмшигч нь хурлаар хэлэлцэж байгаа асуудалд эзэмшиж байгаа хувьцааныхаа тоогоор санал өгөх эрхтэй байхаар хуульчилсан.
-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах бусад орны туршлага юу байна вэ.
Манай бизнесмэнүүд, судлаачид гадны шилдэг туршлагуудыг их ярьдаг. Энэ мэдээж сайн туршлагаас суралцах боломжийг олгодог боловч бизнесийн соёл нь тогтсон, өмчийн олон хэлбэртэй улсын тухайд компанийн түүх нь хэдэн зуун жилээр яригддаг. Хөгжиж буй эдийн засагтай бидний хувьд тэдний туршлагыг шууд хуулбарлах боломжгүй.
Олон улсын туршлагаас харж байхад бизнесийн салбарт төрийн оролцоо хэдий бага байна төдий чинээ үйл ажиллагаа нээлттэй ил тод, шудрага байдаг. Олон улсын сайн туршлагуудыг судалж байхад ТУЗ-ийн Хараат бус гишүүний үүрэг өндөр байдаг. Тэднийг сонгодог 2 төрлийн арга байна. Нэг нь тухайн чиглэлээр зөвлөх үйл ажиллагаа, хөндлөнгийн хяналт хийдэг мэргэжлийн холбоодоос хараат бус гишүүнээ сонгох, нөгөөх нь Хувьцаа эзэмшигчид ердийн гишүүнээ сонгосны дараа, хараат бус гишүүн сонгох эрхийг жижиг хувьцаа эзэмшигчиддээ олгох. Манай хуулинд хараат бус гишүүн нь тухайн компанийн 5-аас дээшгүй хувийн хувьцаа эзэмшигч байж болдог. Түүнчлэн ТББ, мэргэжлийн хороодоос сонгох боломжтой болсон.
-Мэдээллийн ил тод байдал хэрхэн сайжирч байна вэ. Өдөр тутмын хэдэн сонин болон хөрөнгийн биржийн сайтад тавьсныг ил тод байдал гэж үзэх нь хэр оновчтой вэ?
Эхлээд ямар мэдээлэл хэнд нээлттэй байх вэ гэдгийг тодрхой болгох хэрэгтэй. Төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд хүссэн хүсээгүй иргэдэд, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг нь нээлттэй байх хэрэгтэй. Нээлттэй байлга гэхээр өөрийн цахим хуудсан дээрээ хэдэн өгүүлбэр тавьчихаад нээлттэй байдал хангасан гэж болохгүй. Төсөв нь хэд вэ. Гүйцэтгэл нь хэд болсон. Төсвөөс хэтэрсэн бол яагаад гэдэг шалтгаан нөхцөл нь тодорхой байх.
Энэ л гол мэдээллүүд. Үүнээс тухайн ТУЗ, Компанийн удирдлагуудын менежментийн ур чадвар шууд харагдна. Хариуцлага ч өндөр болно. Харин төрийн өмчийн оролцоогүй бусад компаниудын хувьд хувьцаа эзэмшигчидийнхээ тоо, хамрах хүрээллээс хамаараад мэдээллийг хүргэх урсгалын бүтэцтэй байж болно. Тухайлбал өөрийн вэб хуудсанд хувьцаа эзэмшигд, ТУЗ өөрийн туснай нэвтрэх эрхээр нэвтэрч мэдээллүүдтэй танилцдаг байх жишээтэй. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад харилцаа холбооны хэрэгсэл, мэдээлэл авах сувгууд өргөн болсон. Гэхдээ үүнийг амьтай байлгах нь чухал.
Өдөр тутмын сонин, ТВ-ийн олон суваг байгаа ч мэдээлэл хоцорч хүрч байна. Мэдээллийн эх сурвалжийг балахгүй байгаа нь ил тод нээлттэй байх зарчмыг хангахгүй л байна. Эцэст нь хэлэхэд Компанийн засаглал яриахад Төрийн өмчийн оролцоотой компаниудын асуудал харьцангуй ээдрээтэй байна. Ер нь аливаа бизнес өрсөлдөөнийхөө хуулиар шалгараад явдаг. Энд төр ямар үүрэгтэй вэ гэхээр зохицуулах, бодлогын түвшинд эрх зүйн орчноо сайжруулах замаар дэмжих байдлаар, шудрага бус үйлдэл хийсэн, иргэдийг хохироох аюулд учруулсан даруйд албадлагын арга хэмжээ авах байдлаар оролцох нь зүйтэй.