С.Оюун: Байгаль орчин ногоон хөгж­лийн яамны хувьд энэ бодлогыг дэмжихгүй
Сайд С.Оюун
2014.02.28

С.Оюун: Байгаль орчин ногоон хөгж­лийн яамны хувьд энэ бодлогыг дэмжихгүй

УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун­тай ярилцлаа.

-Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын гишүүд "Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаа­лалттай газрын хилийн заа­гаас чөлөөлж, өөрч­лөлт оруулах тухай" төслийг өргөн бари­хаар болж байгаа. Сал­барын сайдын хувьд  та энэ төслийг дэмжиж байгаа юу? 


-Байгаль орчин ногоон хөгж­лийн яамны хувьд энэ бодлогыг дэмжихгүй.

-Яагаад?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэг­дүүлэх, хам­гаа­лалттай газар нутгийг аваад үлдэх нь зүйн хэрэг. Гэхдээ дун­даас нь өм цөм гаргаж аваад байвал тусгай хамгаалалт гэдэг нь өөрөө утгагүй болоод эхэлнэ шүү дээ.

Бид нэг талдаа Зайсанд амь­дардаг иргэдийн асуудлыг ойлгож байгаа. Тусгай хам­гаа­­лалттай гээд тэндээс айлуу­дыг бүгдийг нь нүүл­гэж, хамгаалалтад авна гэснээ сүүлийн арав гаруй жил аялал жуулчлалын зориу­лал­таар ашиг­луу­лах нэрээр, газрын зөвшөөрөл өгсөн. Тэнд барилга, байшин ба­риг­­даж маш замбараагүй бол­сон байгаа. Товчхондоо Зай­сан тэр чигтээ хууль бус өмч­лөл, бантан болчихсон бай­гаа.

Өнгөрсөн намар Богд ууланд газар ашиглах зөв­шөөрөл олгох асуудлыг 2014 оны долдугаар сарын 1 хүр­тэл хориглосон. Энэ нь газар ашиглах зөвшөөрөл буруу замаар явж ирсэн холбоотой.  Таван жил хүртэлх хугацаа­гаар  аялал жуулчлалын жур­маар газар өгдөг. Гэтэл дий­лэнх нь зориулал­таа өөр­чилж, байшин, барилга барь­чихсан. Ингээд хууль зөрчсөн гэж үзээд ядаж энэ асуудлыг лавш­руулахгүй байя, энэ дээр нь түр зогсооё гээд аж­лын хэсэг гарсан. Ажлын хэс­гийн дүгнэлтээр нэ­лээд олон аж ахуйн нэгжүүд зориу­лалтаа өөрчилсөн байсныг тогтоо­сон. Цөөн хэд нь зо­риу­лалтынх нь дагуу Богд ууланд аялал жуулчлал эрхэл­дэг. Дээр нь зөвшөөрөл авсан хэрнээ хугацаандаа ажлаа эхлүү­лээгүй компаниуд бай­даг юм билээ. 

Тэгэхээр Л.Болд, Ц.Оюун­гэрэл нарын тойргийн гишүүдийн хувьд санаа зовсон асуудлыг ойлгож байна. Тэнд олон жил амьдарсан  хүмүүс "яагаад баячууд энд байж, байшин барилга барьж болдог. Бид яагаад энэ газрыг өмчилж болдоггүй юм бэ" гэж ярьдаг.

Үнэндээ хуулиараа тусгай хам­гаа­лалттай газар нутагт айл, өрхүү­дэд газар өмчлөх эрх өгдөггүй. Зөвхөн тав хүртэлх жилээр, аялал жуулчлалын шугамаар л эрх олго­дог. Хэдий Зайсангийн орчим байшин, барилга баригдсан ч газар өмчлөх эрх олгогдохгүй. Харин тэдгээр байшин, орон суу­цанд  хүмүүс зөвхөн амьдарч бай­гаа байхгүй юу. Тэгэхээр манай яамны зүгээс бодлогоор энэ асууд­лыг дэмжихгүй байгаа.

Бид тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулж, хэлэл­цүү­­лэг явуулж байгаа. Энэ намрын чуулганаар өргөн барина.

-Хэдэн жилийн өмнө Тэрэл­жийн тусгай хамгаалалттай газар нутгаас нэг хэсгийг чөлөөлж малчдад өгсөн байх аа?

-Ер нь нэг буруу жишиг манайд тогтсон. Жишээ нь, өнгөрсөн Их хурлаар  Тэрэлжийн тусгай хамгаа­лалт­тай газар нутгийн дунд байгаа  хэсэг газрыг малчид амьдардаг гээд чөлөөлсөн. Гэтэл чөлөөлсөн газар нутгаас  гадагшаагаа тусгай хамгаалалттай газарт буухаар дарамт ирээд байгаа юм билээ. Тиймээс цаашид аялал жуулчла­лын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл өгөхдөө өндөр стан­дарт хангасан, дүрэм журмын дагуу явна. Тэгэхгүй бол нэгэнт буруу явсан юм чинь, тусгай хамгаалал­таас гаргая гэсэн шийдвэрийг бид нар дэмжихгүй.

Яармаг дээр ч гэсэн тэр. Хара­хаар цөөхөн хэдэн газар барилга байшин баригдсан. Ихэнх газар хоосон мэт боловч мөн л 200 гаруй газрын зөвшөөрлийг биднээс өмнө  өгчихсөн байдаг. Гэхдээ тухайн бүсэд барилга байшин барих зөв­шөөр­лийг нийслэлээс өгөхгүй бай­гаа л даа. Анхнаасаа аялал жуулч­лалын зориулалтаар гэвэл цаашид Зайсан шиг л болчих гээд байна.

Энэ асуудалд тусгайлсан бод­ло­го барихгүй бол болохгүй гэдгийг байнгын хороон дээр мэдэгдэж, ажлын хэсгийн дүгнэлтийг танил­цуулах саналыг бид Засгийн газарт тавьсан.