Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад асуулга тавилаа
2011.03.29

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, З.Энхболд нар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад асуулга тавьжээ.

Уг асуулгад “Улс орны хурдацтай хөгжлийн тулгуур салбар болох боловсролын салбарт олон арван ахиц дэвшил гарч, даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд гадаад улс оронд суралцаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх иргэдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахуйц чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхээр зорьж буй манай улсын хувьд чухал ач холбогдолтой юм. Өнгөрөгч хугацаанд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр болон Сургалтын төрийн сангийн зээлээр дэлхийн 10 гаруй оронд бакалавр, магистр, докторын түвшинд 2008 онд 487, 2009 онд 544, 2010 онд 541 оюутан сургаж, 2000 оноос хойш нийтдээ 6749 мэргэжилтэн гадаад улс оронд бэлтгэгджээ.


Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан билээ. Түүнчлэн уул уурхайн салбарын хөгжлөөс үүдэлтэй хөгжлийн шинэ үеийг авч явах манлайлагч, удирдагчдыг бэлтгэх зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Энэхүү зорилтын хүрээнд улс /тив, дэлхий/-ын олимпиадад амжилттай оролцсон онцгой авьяастай 30-аас доошгүй хүүхэд, залуучуудыг дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд  инженер, технологийн бакалаврын мэргэжлээр сургахад жил бүр улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг нэмж тусгахаар болсон бөгөөд 2011 онд энэ зориулалтаар 3.0 тэрбум төгрөг тусгагдсан. Гадаадын улс орнуудад мэргэжилтэн бэлтгэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь асуулга тавьж байна. Үүнд:

Дээр дурдсан 3.0 тэрбум төгрөгийн хүрээнд оюутан сургах асуудлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаархи дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх. УИХ-аас баталсан чиглэлийн дагуу гадаад улс оронд сургах оюутнуудад тавигдах шалгуур, яг одоогоор хэдэн оюутан уг шалгуурыг хангаж байгаа, хэдэн оюутанг ямар улсад ямар мэргэжлээр сургах, тухайн мэргэжлээрээ амжилттай суралцах баталгаа, эргэж эх орондоо ирэх баталгаа, төгссөнийх нь дараа ажлын байраар хангах арга зам, улс орны эдийн засагт үзүүлэх бодит нөлөөлөл гэх мэт;

Өмнө нь гадаадын улс орнуудад Засгийн газрын шугамаар болон Сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж төгсөгчдийн мэргэшсэн салбар, төгссөний дараахь ажил эрхлэлтийн байдал;

Ойрын жилүүдэд гадаадын улс орнуудад бэлтгэхээр төлөвлөж буй ажил мэргэжлийн жагсаалт, мэргэжлийн зэрэг, мэргэжилтний тоо, шаардагдах төсөв, дээрх мэргэжлээр дотооддоо бэлтгэх мэргэжилтний тоо, хөдөлмөрийн зах зээлд бий болох эрэлтийн талаархи мэдээлэл;

Гадаад улс оронд бэлтгэхээр төлөвлөж буй дээрх мэргэжлүүдээр Монгол Улсад өнгөрөгч хугацаанд ямар түвшний, хичнээн мэргэжилтэн бэлтгэгдсэн, тэдний өнөөгийн ажил эрхлэлтийн талаархи мэдээлэл;

Цаашид улс орондоо шаардлагатай мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэх боломж, бодлого, төлөвлөлтийн талаархи мэдээлэл;

Гадаад улс оронд мэргэжилтнүүдээ бэлтгэж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг дэмжиж байсан дэлхийн улс орнуудын туршлагаас манай улсад авч хэрэгжүүлж болох арга замын талаархи мэдээллийг тус тус ирүүлнэ үү.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлэхийг Танаас хүсье” гэсэн байна. .

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.