Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан
2014.02.21

Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 20-ны өдөр болж, Хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцуулсан юм.

Нийслэлийн нэгдсэн сүлжээ нь 2010 онд анх байгуулагдсан бөгөөд 2011, 2012 онуудад үе шаттайгаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг сүлжээнд холбожээ. Өнөөдрийн байдлаар 177 байгууллага нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа юм. Тус сүлжээ нь сувагчлал буюу газар доогуур 72 км, агаараар буюу гэрэл тролейбусны шонгоор 40 км кабел татагдсан. Нийслэлийн өндөр хурдны нэгдсэн сүлжээнд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх гэсэн 4 дүүрэг холбогдсон байна.

Дүүрэг, хороод нэгдсэн сүлжээнд холбогдсоноор албан хэрэгцээний шаардлагатай мэдээллийг цахимаар дамжуулах, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон юм. Гэвч зам засварын ажил, гэрлийн болон тролейбусны шон унах, муфтийг салгаж хаях, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн худаг сувагчлал бөглөрч гэмтэх, ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагагүй зэрэг шалтгааны улмаас шилэн кабель тасарч сүлжээгүй болох тохиолдол цөөнгүй бэрхшээл гарч байгааг албаныхан учирлаж байна. Тухайлбал дээрх шалтгаанаар 4 дүүргийн  51 хороонд агаараар татсан шилэн кабель тасарсан гэмтэл гарч, одоогоор сүлжээгүй байгаа юм байна.

(МҮОНТВ-ын тодруулга)

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2014 онд Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг боловсруулж, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байгаа.  Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн нэгдсэн сүлжээг сайжруулж, алслагдсан дүүрэг хороодыг нэгдсэн сүлжээнд холбох шаардлагатай байгаа тул өнөөдрийн байдлаар гэмтэлтэй байгаа хороодын сүлжээг засварлах, шинээр холбох, шинэчлэх зэрэг ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэж өгөхийг нийслэлийн удирдлагуудад уламжиллаа.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Нийслэлийн бүх дүүрэг, хороод нэгдсэн сүлжээнд холбогдох шаардлагатай. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, цаг хугацаа хэмнэх боломжтой тул шилэн кабелийн засвар, үйлчилгээг хийх, алслагдсан хороодын шилэн кабелийг татахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.