Анх удаа гэр хорооллын орон сууцыг бие даасан дэд бүтэцтэй болгов
2013.12.26

Гэр хороолол дахь орон сууцыг тухайн газарт нь дэд бүтэцжүүлэх боломжтой боллоо

Бид нүдэнд ил харагдаж буй бүтээн байгуулалтад голлон анхаарал хандуулдаг ч газар доогуур хийгддэг инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир ус, дулааны хангамжийг орхигдуулсаар ирсэн жишээ нэлээдгүй байдаг.

Тиймээс ирэх онд нийслэлийг дэд бүтэцжүүлэх зорилтыг салбарынхан өмнөө тавиад байна. Анх удаа тухайн хороололд зориулсан инженерийн байгууламж, дэд бүтцийг бий болгосон нь барилгын салбар дахь томоохон дэвшил, шинэ технологит тооцогдож байна.

Гэр хорооллын эдгээр байшинг 18-20 саяар үнэлж байна. Хэдийгээр хотын төвөөс хол ч худаг, буудалдаа ойрхон учраас ийм өндрөөр үнэлж байгаа юм. Хэрэв дэд бүтцийн асуудлыг нь шийдээд өгчихвөл нэг байшин 30-40 сая төгрөгийн үнэтэй болно. Энэ зорилгоор гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажилд 200 тэрбум төгрөг зарцууллаа гэж салбарынхан хэлж байна.

Шинээр баригдаж буй барилгыг цахилгаан дулаанд холбохдоо заавал хотын төвөөс хол зам туулж, шугам сүлжээ татах шаардлагатай болдог байв. Харин одоо тухайн газарт нь дэд бүтцийн асуудлыг нь шийдэх боломжтой боллоо. Буянт-Ухаа орон сууцны хорооллын цэвэр усны эх үүсвэрийг л гэхэд 20 гүний худгаар шийдсэн. Баянголд баригдаж буй “Буман Өлзий” хорооллын дэд бүтцийн асуудлыг ч ийм аргаар шийдээд байна.

“Дэд бүтэц” төслийн хүрээнд нийслэлийн орон сууцны долоон хороололд инженерийн дэд бүтцийг байгуулахаар шийдсэний эхний хоёр нь амжилттай явж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Барилга, хот байгуулалтын сайд  Ц.Баярсайхан:

Энэ жилийн хувьд бол 2500 орчим айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх онд 20000 гаруй айлын орон сууц баригдана. Баянголын амны “Ирээдүй” хорооллын  дэд бүтцийн шугамын үзүүр дээр дахин 30-аад мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Ингэхээр ирэх онд бид нийтдээ 30 гаруй мянган айлын орон сууц барих техникийн нөхцөл бүрдлээ гэж үзэж болно.

Ирэх онд ч мөн ийм байдлаар шинэ суурьшилийн бүсүүд дэх орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг цэвэр усаар хангах, бохир усыг гадагшлуулах, дулаан цахилгаанд холбох ажилд 200-аад тэрбум төгрөгийг төсөвлөөд буй юм байна.