Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барив
Хууль өргөн барив. Ц.Баярсайхан
2014.02.20

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барив

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.12.05/ өргөн барилаа.

 Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

“Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийн үзэл баримтлалд тусгахдаа Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн 61-д “Орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, орон сууцыг шинэчлэн өөрчлөх, хот төлөвлөлт, газар ашиглалт, барилгажилт, тохижилтын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн оролцоотой хяналтын тогтолцоог бий болгох, хүн амьдрахыг хориглосон болон хүн амьдрах эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл хангахгүй болсон барилга байгууламжуудыг дахин төлөвлөх, нэг талаас оршин суугчдын эрх ашиг, нөгөө талаас хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр “Хотыг дахин хөгжүүлэх тухай” шинээр хууль боловсруулах”-ыг Засгийн газарт даалгасан.

Мөн Улсын Их Хурлын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай 2010 оны 36 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын “Шинээр батлах хуулийн төслийн жагсаалт”-д “Хотыг дахин хөгжүүлэх (төлөвлөх) тухай” хуулийн төсөл шинээр боловсруулж батлуулахаар заасан гэжээ.

 Мөн гадаадын хөгжингүй орнууд, тухайлбал, ОХУ, Япон Улс, БНСУ, ХБНГУ-ын хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулийг судлан үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулахад ашигласан байна. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 28 зүйлтэй, “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хууль шинээр боловсруулагдсантай холбогдуулан Хот байгуулалтын тухай, Газрын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай болох ажээ.

Улсын Их Хурлын ““Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр” батлах тухай” 2010 оны 36 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт болон “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 125.1-д “Хотыг дахин хөгжүүлэх тухай  хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх” гэж заасныг  үндэслэн “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөл,  үзэл баримтлалын төслийг боловсруулав.

Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан хот, суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, орон зайн төлөвлөлт, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, үүргийн бүсчлэлийг оновчтой болгох, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хот, суурины барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцаа, хяналтын тогтолцоог нарийвчлан тогтоож, бусад хуулиудтай уялдуулан хуульчлах шаардлагыг харгалзан үзсэнээс гадна гадаадын хөгжингүй орнууд, тухайлбал Япон Улс, БНСУ, ХБНГУ-ын  хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулиудыг судлан үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулахад ашигласан.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомжууд

  1. Хот байгуулалтын тухай  хуульд нэмэлт оруулах тухай
  2.  Газрын тухай  хуульд нэмэлт  оруулах тухай