Энэ долоо хоногт шүлхийн шинж тэмдэг нэмж илрээгүй
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотой Сүхбаатар аймгийн таван суманд бүх нийтийн бэлэн байдал зарласан бол найман суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Мөн хэнтий аймагт ч хөдөлгөөн хориглож ариутгалын тусгай цэгүүд гарсан байна. Ингэснээр шүлхий өвчний тархалт намжсан гэх нааштай мэдээг орон нутгийн удирдлагууд өгч байна. Тухайлбал Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга суманд шүлхийн шинж тэмдэг энэ долоо хоногт нэмж тэмдэглэгдээгүй байна.
Шүлхийн голомт Сүхбаатар аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх өвчинтэй тэмцэх ажилд 740 хүн 150 орчим техник машин, 130 гаруй ариутгалын цэг ажиллаж байгаагаас гадна 42 хөдөлгөөнт эргүүлийг гаргажээ. Жишээ нь Сүхбаатар, Хэнтийн чиглэлээс хотод орж ирэхэд 4-5 ариутгалын цэгээр дамжиж байна. Нэг хэсэг сар шинийн хөдөлгөөнд тасрахгүй ариутгалын цэгүүд ачаалалтай ажиллаж байсан бол одоо хөдөлгөөн хэд дахин буурсан гэлээ.
Сүхбаатар аймагт шүлхий өвчин гарснаас хойш нийт 1000 гаруй малыг устгалд оруулж хот хороог ариутгажээ.
Өнгөрсөн сарын 27-нд Сүхбаатар аймагт шүлхий өвчин гарснаас хойш нийт 1000 гаруй малыг устгалд оруулж хот хороог ариутгажээ. Энэ сарын эхээр шүлхийн тархалт эрчимтэй бүртгэгдэж байсан бол одоогоор намжсан. Шүлхийн голомттой сумдад бүх нийтийн бэлэн байдал зарласан учир эрүүл бүсэд халдах байдал зогссон хэмээн Сүхбаатар аймгаас мэдээллээ.
ҮХАА-ын сайд Х.Баттулга: ОХУ-аас вакцин авах гэрээ хийсэн. Энэ сарын 20,21-нд шүлхийн дутагдалтай байгаа вакциныг тараана.
Сүхбаатар хэнтий аймгийн мал төллөлт ирэх 3-р сараас эхлэх учир өмнө нь бүх малыг вакцинжуулах шаардлагатай байна. Учир нь зарим айлууд хаваржаандаа бууж амжилгүй хөл хорионд орсон. Мөн цас бага байгаа учир худаг усаа бараадан нүүдэл хийж хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай болоод байна.