Онцгой байдлын газар, хэлтсүүдийн дарга нарт үүрэг өгөв
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гамшгаас хамгаалах талаар хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудтай видео хурал зохион байгуулж шүлхий өвчинтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй мэдээллийг сонссон юм. Видео хурлын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулах, өвчний тархалтыг зогсоох, өвчнийг тархаахгүй байх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудад өглөө.
Мөн орон нутгийн удирдлагаас нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ялангуяа шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцлийг хангах, түүнчлэн тухайн өвчнийг богино хугацаанд бага зардлаар дарах ажлын хүрээнд нэн шаардлагатай эм тариа, вакцин, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах ажлыг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудтай шуурхай холбогдож зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж хил залгаа Дорнод, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн 13 сум, нийслэлийн 6 дүүргийн хилийн заагуудад зорчигч тээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчоо, улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрийн уулзваруудад байнгын болон хөдөлгөөнт эргүүл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Шүлхий өвчин гарсан 3 аймгийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар дээрх 3 аймгийн 11 сумын халдварын голомтод бүгд 1886 мал өвчилсний 1816-г устгаад байна.