Д.Батцогт: УИХ засгийн газрыг ажлыг нь хийлгэх хэрэгтэй
Мөрдөх албаны тухай хууль батлагдаагүй. Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаагүй байхад улсын мөрдөн байцаах газар, эрүүгийн цагдаагийн газрын бүтцийг өөрчлөх нь буруу.
Тухайн албыг өөрчилснөөр олны анхаарлыг татсан хэргүүдийн шалгалтын явц, хэрэг шийдвэрлэлт удаашрах, төр иргэдийн эрх ашиг хохирч цагдаагийн албан хаагчдын албандаа хандах хандлага сулрах, ажил цалгардах магадлалтай гэж УИХ-ын хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан холбогдох ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Бас цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад салбарынхны хүрээнд бэрхшээл үүсч, үл ойлголцох байдал гарч байгааг ажлын хэсгийн гишүүд хэлж байна.
УИХ-ын хууль зүйн байнгын хорооны зарим гишүүдийн хувьд цаашдаа хуулиа мөрдөх шаардлагатай гэсэн байр сууринаас хандаж байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: Хуулийг хэрэгжүүлэхэд алдаа гарч, хууль зөрчсөн албан тушаалтан байгаа бол хариуцлага тооцох асуудал нь тусдаа. Тиймээс миний хувьд УИХ засгийн газрыг ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Бид өөрсдөө үймүүлэгч байж таарахгүй шүү дээ. Энэ хуулийг засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Харин УИХ баталсан хуульд сайжруулах зүйл юу байгааг хянах болохоос дотоод ажилд нь оролцоод хэрэггүй гэж бодож байна.
УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр бол эрүүгийн процессын хуулиа эхлээд өөрчлөхгүйгээр цагдаагийн албаны шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх юм бол хууль хоорондын зөрчил үүсч байгааг сануулж байна. Одоогийн хүчин төгөлдөр эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, мөрдөн байцаах алба, хэрэг бүртгэх алба, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч гэсэн нэр хэвээр байхад цагдаагийн албаны шинэ хуульд тухайн нэр тусгагдаагүй зөрчилдөж байгааг ажлын хэсгийн гишүүд хэллээ.