Сар шинийн Мэндчилгээ
Арвандолдугаар жарны тийн ялгуусан хэмээгч хар усан могой жил түүхийн хуудсаа дүүргэж, арвандолдугаар жарны ялгуусан хэмээгч хөх модон морин жил цан хүүрэг татуулан эрчит туурайн төвөргөөнөөр сонорыг мялаан хүн төрлөхтний цаг тооллын алтан хойморт морилон ирлээ.
Улиран одож буй хар усан могой жил маань ч ажил үйлээр дүүрэн, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан, болохгүйг болгож бүтэхгүйг бүтээн босгох зорилго тэмүүлэл эрч хүчээр эрчилж , шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн түүхэн жил байлаа. Сангийн яам өнгөрсөн нэг жилийн дотор төсөв санхүү,нягтлан бодох бүртгэлийн харилцааг бүхэлд нь хамарсан олон ажлыг хийж амжууллаа. Цаашдаа ч олон ажил хийхээр төлөвлөөд байна. Та бидний хийж бүтээж байгаа бүхэн улс орны маань хөгжилд шинэ боломж давуу тал, амжилтыг авчирах болно. Бүгдээрээ ирж буй морин жилдээ эрч хүчтэй ,хиймортой ажиллацгаая.
Та бүхэн Монгол түмнийхээ их баяр , Сар шинийн Цагаан сарыг элгээрээ энх амгалан төрлөөрөө түмэн амгалан угтан золгохын мэндчилгээг дэвшүүлж байгааг хүлээн авна уу.
Бурхан шүтээнээ хоймороо залж
Буян номын гэгээг тооноороо цацаруулж
Аз хийморийн зүгтээ мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс ,ахмадуудаа хүндлэн золгож
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Монгол Улсын Их хурлын гишүүн
Засгийн газрын гишүүн
Сангийн сайд Ч.Улаан