“Ялгуусан" хэмээх модон морь жилийн сар шинийн мэндчилгээ
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.01.29

“Ялгуусан" хэмээх модон морь жилийн сар шинийн мэндчилгээ

Өнө эртний түүхт монгол ахан дүүс та бүхэндээ “Ялгуусан" хэмээх модон морь жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж өргөн хотлоороо сайхан шинэлэхийн ерөөлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нийт хамт олон болон хувиасаа өргөн дэвшүүлье!

   Улиран одож байгаа могой жилд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын үнэт баялаг хүн амаа хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлоготой болохыг зорин ажиллаа. Энэ хүрээнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас санаачлан ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, хүүхдүүд гээд хүн амын бүлэг тус бүрт чиглэсэн үндэсний хэмжээний чуулган, зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Үүний үр дүнд Монгол хүнээ хөгжүүлэх төрийн цогц бодлогыг боловсруулсан гэдгийг хэлэхэд таатай байна.

   Бид эрх зүйн хүрээнд УИХ-аар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг батлуулж, улсын хэмжээнд нийт 494 мянга орчим иргэдэд алдагдсан он жилүүдийг эргүүлэн өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг нь нөхөн тооцлоо. Энэхүү хуулийн үргэлжлэл болгон өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу 1991-1994 оны хооронд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэсэн шалтгаанаар тэтгэвэрт гарсан 40 гаруй мянган эхчүүдийн ажилласан жилийг мөн нөхөн тооцохоор болсон.

   Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан том зорилт болох “Хүүхдийн мөнгө”-ийг манай орны нийт хүн амын 35 хувийг эзэлдэг 960 287 мянган хүүхдэд сар бүр дахин олгож эхлэсэн юм.

   Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, батлуулах шатандаа явж байна. Хамгийн сүүлд Гэр бүлийн нандин холбоогоо батлуулж, он удаан жил хамдаа амьдарсан гэр бүлд зориулсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгааг дуулгамаар байна.

   Угтан ирж буй морь жилд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хамт олон бид Монгол хүнээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн хамгаалах цогц бодлогыг тунхаглан зарлаж хэрэгжүүлж эхлэх болно. Юуны өмнө нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн шинэчилж, гэр бүлийн хөгжилд суурилсан хүн амын хөгжил, хамгааллын бодлогыг эдийн засгийн өсөлттэй уялдуулж иргэнд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс нэмэгдүүлнэ. Мөн ахмад настны хөдөлмөр эрхлэлт, хамтын тэтгэврийн эрх зүйн үндсийг бүрдүүлж Монгол хүн бүрийг хөгжлийн сайн сайхны төлөө ажиллах болно.

   Айлчлан ирж буй Морь жилд Монгол эх орны минь ард иргэд Та бүхэн аз хийморьтой байж, юу санасан есөн цагаан хүсэл тань дэлгэрэн арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье. 

 Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ