Б.Бямбасайхан: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монголын талаар ярилцах нь маш чухал үйл явдал
“Новатерра” компанийн захирал Б.Бямбасайхан
2014.01.27

Б.Бямбасайхан: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монголын талаар ярилцах нь маш чухал үйл явдал

 Давос хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга, уулзалтын талаар “Новатерра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.  

-Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбаруудыг танилцуулахаар төлөвлөсөн. Үүний гол ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?  

-Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад анх 2004 онд оролцож байсан. Тэр үед Хятадын өсөлт болон Энэтхэгийн зах зээл хэрхэн, яаж томрох вэ гэдэг талаар ярилцаж байсан. Харин өнөөдөр бид Давосын уулзалтын үеэр Монголын хөгжлийн стратеги буюу Монгол Улс ер нь хаашаа явж байна вэ, бизнесийн ямар боломж байна вэ, Монголчууд эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах вэ гэдэг тал дээр олон хүнтэй санал хуваалцах гэж байна. Энэ бол чухал үйл явдал. Энэ удаагийн чуулга уулзалтаар засгийн өсөлтийг олон хүнд яаж хүртээлтэй байлгах вэ гэдэг тал дээр голчлон ярилцах юм билээ.

Компанийн захирлууд, улстөрчид болон уулзалтад оролцож буй хүмүүс энэ хүрээнд олон хуралдаан, хэлэлцүүлэг хийнэ. Монгол Улсын хувьд эдийн засаг нь хурдан хөгжиж буй улсын тоонд орж байгаа. Хамгийн хурдан хөгжих эдийн засаг ч гэж үзэж байна. Тодруулбал бид хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засаг өсөх юм байна. Харин үүний тулд Монгол Улс эдийн засгийн ийм бодлого баримтална гэдэг чиглэлээ хөрөнгө оруулагчдад ойлгуулах хэрэгтэй. Эдийн засгийг хөгжүүлэх гол суурь нь уул уурхайн салбар хэвээрээ байж, энэ салбартаа хөрөнгө оруулалт татна.

Үүний араас дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлээд явбал эдийн засаг маш хурдан өсөх юм байна гэдэг талаас ярилцана. Мөн дэлхийн эдийн засаг удааширвал Монгол Улс ямар загвартай байж болох талаар бид өмнө нь ярилцсан. Энэ бүгдийг олон хүнтэй хуваалцаж, ярилцана гэдэг бол Монголын нэр хүндийг дээшлүүлэх нөгөө талдаа шууд хөрөнгө оруулалт татах нэмэлт боломж юм.    

-Энэ удаагийн чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийн стратегийн ямар хувилбаруудыг танилцуулах бол. Таны хувьд ямар хүлээлттэй байна?  

-Сүүлийн хэдэн сарын хугацаанд Монгол Улсын эдийн засаг 2020 он гэхэд тийм хэмжээнд хүрнэ гэж хангалттай ярилцлаа. Ялангуяа эдийн засгийн хөгжлийн стратегитэй болох хүрээнд хувийн салбарынхан маш идэвхтэй оролцож байна. Үүн дээр үндэслээд 2030, 2040, 2050 онд бид ийм хэмжээнд хүрнэ, үүний төлөө Монголын бүх бизнесүүд хамтарч ажиллах дүр зураг гараад ирчихлээ. Үүнийгээ чуулга уулзалтын үеэр тайлбарлаж, ярилцвал хөрөнгө оруулагчдын бидэнд итгэх итгэл улам сайжрах байх. Монголд хөрөнгө оруулбал хэн хэндээ ашигтай бизнес болно гэдэг дүгнэлтэд хүрэх байх.  

-Монгол Улсын хөгжлийн стратегийн хувьд ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ?

  -Тэгэхээр бид өсөлтийг дэмжсэн бодлоготой байх хэрэгтэй. Өсөлт гарч байж та бидний амьдрал сайжирна. Өсөлтийг бий болгохын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний тулд том төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай эдийн засгийн хамгийн гол сул тал нь дэд бүтэц гэж үзэж байгаа шүү дээ.

Тиймээс энэ асуудалд анхаарах нь зүйтэй. Үүн дээр хөрөнгө босгохын тулд уул уурхайн салбарт ийм өндөр боломж байна, бидэнд хөрөнгө оруулбал нэг талаас дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлж нөгөө талаас уул уурхайн салбараа хөгжүүлье гэсэн асуудал бий. Ингэснээр гурван тэрбум хүний зах зээлд өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүн гаргах зорилттой байгаа. Бидний хувьд стратегийн өндөр боломж, байршил зэрэг давуу талууд бий шүү дээ.  

-Хөгжлийн стратегийн хувилбарууд нь Монголыг сонирхож буй хөрөнгө оруулагчдын хандлагад хэрхэн нөлөөлөх бол?  

-Хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн түрүүнд эрсдлийг хэрхэн, зөв хуваарилах вэ гэдэгт анхаардаг. Өнөөдөр Монголд улс төрийн болон хууль эрх зүйн талаас ямар эрсдэл байна вэ гэдгийг нь хамгийн түрүүнд ажигладаг. Мөн хөрөнгө оруулагч ойлгомжтой орчныг хүсдэг. Бидний хувьд Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулиа баталлаа. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг мөн баталлаа. Тэгэхээр асуудал улам ойлгомжтой болж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна гэсэн үг.

Орчин сайжирч байгаа талаар бид өөрсдөө тайлбарлахгүй бол өөр хэн ч тайлбарлахгүй. Тэгэхээр Давосын хувьд, Монголын талаар олон хүний өмнө ярилцаж байгаа нь маш сайн зүйл. Цаашид Монголд хөрөнгө оруулалт татахад чухал үйл явдал болно гэж үзэж байна.  

-Энэ оны хөрөнгө оруулалтын орчны төлвийг хэрхэн харж байна вэ?  

-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. Бизнесийн зөвлөлийн хувьд хууль батлах үйл явцад идэвхтэй оролцсон. Дараа дараагийн бодлогын чанартай хуулиадад мөн өөрчлөлт орно гэж байна. Тэгэхээр энэ бүх зүйл тодорхой болчихвол хөрөнгө оруулалтын орчин нэлээд сайжирна гэж үзэж байна.  

-Таны хувьд эрчим хүчний салбарт ажиллаж байгаа. Харин та энэ салбарын 2014 оны өнгийг хэрхэн тодорхойлох вэ?  

-Эрчим хүч бол эдийн засгийн суурь салбар. Эрчим хүчгүй бол хөгжил гэж яриад яахав гэдэг шүү дээ. Өнөөдрийн байдлаар манай салбар нэг талдаа дутагдалд орчихсон байна. Энэ оны хувьд хоёр, гурван төсөл ашиглалтад орсноор дутагдлыг нөхөх боломж нь нээгдэх юм билээ. Хамгийн гол нь Тавантолгойн цахилгаан станц болон ДЦС-V-ын концессийн бүх гэрээг энэ ондоо багтаан хийж, улмаар хөрөнгө оруулагчдыг татан санхүүжилтээ босгож чадвал энэ нь том амжилт болно.