Д.Батбилэг: Над руу биш, иргэдийн итгэл рүү ус цацлаа
Нийслэлийн Хан- Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг
2014.01.24

Д.Батбилэг: Над руу биш, иргэдийн итгэл рүү ус цацлаа

Нийслэлийн Хан- Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэгийн нэр холбогдсон мэдээллийн мөрөөр өөрөөс нь тодруулга авлаа.

-Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга олон хүн ажлаас нь халлаа, эрх мэдлээ хэтрүүллээ гэх шүүмжлэл гарч байна. Хэрэг явдлын учир шалтгаан нь юу вэ?

-Би ийм мэдээлэл аваад үнэхээр гайхсан. Гэхдээ энэ асуудлын ард шулуухан хэлэхэд гомдогсод л явж байна. Учир нь, тэдний халдаж байгаа субъект нь буруу, би биш юм. Хан- Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас шийдвэр гаргаж тэдгээр хүнийг ажлаас халсан байхад хариуцлага нь над дээр ирэх ёсгүй. Тэгээд ч төрийн албан хаагчийг хүчээр, өөрийн эрх ашгийн төлөө ажлаас халдаг байдал гэж хаана ч байхгүй.

-Тэгвэл яагаад танд хандан гомдоллож, мэдээлэл түгээгээд байгаа юм бол?

-Миний хувьд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ХУД-ийн Ардчилсан намын дарга, бас дүүргийн Ардчилсан холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Бүгд сонгуулиар, шударгаар хэлэлцэж баталсан шийдвэр. Дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгч намайг сонгосон, дүүргийн АН-ын 105 хүний саналаар дарга болсон. Ардчилсан холбооны дүүргийн даргын ажлыг 2006 оноос хойш хийж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс би намын дарга байсан учраас ажлаас халахад нь нөлөөлсөн гэж хэлэх гээд байх шиг. Миний хэлснээр ажлаа хийдэг төрийн алба гэж байдаггүй.

-Төрийн албан хаагчийн ёс зүйд улс төржих, нэг талд үйлчлэх нь харш хэрэг биз?

-Хүрэлхад, Энхтүвшин, Ууганбаяр гээд хэдхэн хүн л хэл ам хийж яваа. Тэднийг яагаад ажлаас чөлөөлснийг харахад зарим нь ажлын байрны шаардлага хангахгүй, тасалж, чөлөө авах нь их эсвэл улс төржих хандлага удаа дараа гаргасан юм билээ. Ууганбаяр миний ажлын хэсэгт нягтлангаар ажиллаж байсан. Гэхдээ төрийн албан хаагч хүн улс төржөөд байхаар нь болихыг сануулж, шаардаж байсан юм. Улс төржих газраа олоогүй, ажлын байранд зүй бусаар аашилсан хүмүүст удаа дараа арга хэмжээ аваад засраагүй учраас ажлаасаа сайн дураар халагд гэснээс өөр зүйлгүй юм.

-Олон хүн зэрэг халагдсандаа бас их гомдолтой байгаа юм уу даа?

-Яг хэдэн хүн чөлөөлөгдсөнийг мэдэхгүй байна. Гэхдээ саяхан нийслэлийн Засаг даргын тамгын газраас ХУД-ийн ЗДТГ-т асуулга явуулсан гэсэн. Түүнд нь, бүх асуудал хуулийн дагуу явагдсан, эрх ашиг зөрчсөн зүйлгүй, 18 хүн халагдаагүй гэж хариулсан байсан.

-Таныг нам, хувийн эрх ашгийн тулд ажилладаг гэж шүүмжилж байгаа?

-Үгүй дээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд би ажилгүй ч явж үзсэн. Гэхдээ их, багагүй хийсэн зүйлийг маань иргэд хэр үнэлж байгааг сонгуулиар харууллаа. УИХ-д, ИТХ-д манай намыг олонх болгосон нь ХУД-т хийсэн бидний ажлыг үнэлж буй хэрэг. Цаашид улам сайн ажиллахын тулд ИТХ- ын бүх төлөөлөгчийг нам, бүлэг гэж хувааж үздэг байж болохгүй.

Одоо бид нэг баг, .бүгдээрээ нэг завинд суусан болохоор хамтарч ажиллахаас өөр сонголтгүй, улстөржилт байхгүй шүү гэж хэлдэг юм. Тэр маань ч бодит байдалд сайхан хэрэгжиж байгааг ХУД-ийн их бүтээн байгуулалт, зам дэд бүтцийн өөрчлөлтөөс харж болно шүү дээ. Одоо бид хуучин хамгийн мууд тооцогддог байсан Яармагийн хорооллыг шинэ түвшинд хөгжүүлэхээр дахин төлөвлөлт хийж дуусаад байгаа.