Хан-Уул дүүргийн 33 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг гардууллаа.
2013.12.30

Хан-Уул дүүргийн 33 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

Шинэ оны босгон дээр Хан-Уул дүүргийн 33 иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд болон хүндэт одон медалиар шагналаа.

Нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлаг, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж гавьяа байгуулсан, үр хойчдоо үлгэр дууриалал болж яваа 25 хүн “Алтан гадас” одон, дөрвөн хүн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хоёр хүн хөдөлмөрийн хүндэт медаль, хоёр хүн цэргийн хүндэт медалиар тус тус энгэрээ мялаалаа.

Шагнал гардуулах ёслол Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны ордонд болж, шагналыг тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг гардууллаа.

Шагнагдсан хүмүүсийн олонхи нь олон арван жилээр улсад ажилласан 55-аас дээш насын ахмадууд байлаа. Ингээд тэдний олон арван жилийн ажлын туршлагаас нь сонирхохын зэрэгцээ шагнал авсан сэтгэгдэл, хойч үедээ үлдээх сургамжийн үгсийг нь сонслоо.

С.Цэнгэлмаа:

Би төрийн байгууллагад тасралтгүй 20 гаруй ажиллалаа. Үүний 17 жилд нь Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Өнөөдөр төрийн одон медалиар шагнагдсандаа их баяртай байна. Ингээд үргэлж намайг дэмжиж байдаг хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Ирэх 2014 ондоо миний монголын ард түмэн аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай гэсэн ерөөлийг дэвшүүлье.

Ч.Оюун:

Бэрхшээлийн цаахан амжилт байдаг.

Төрийн дээд одон болох “Алтан гадас”-аар шагнуулсандаа туйлын их баяртай байна.  Үүнтэй холбогдуулаад мал эмнэлгийн салбарт ажилладаг бүх эмч нартаа сайн сайхныг хүсье. Би 38 жил тасралтгүй малын эмч хийж байна. Саяхан болсон нийслэлийн малын эмч нарын шинэ жилээр “Алтан чагнуурт эмч” шагналыг надад өгсөн бол, энэ удаа төрийн одонгоор шагналаа. Энэ жил миний хувьд ийм л  сайхан жил болж өнгөрч байна. Энэ дашрамд өөрийн гэр бүл, хорооны иргэддээ баярлаж явдагаа хэлье.

Өдий олон жил ажиллахдаа саад бэрхшээлтэй багагүй тулгарч байлаа. Залуучууддаа захихад битгий шантраарай гэж хэлмээр байна. Бэрхшээлийн цаахан амжилт байдаг.

И.Мөнгөнцэцэг:

Төр нүдтэй гэдэг үнэн юм байна.

Би 32 дахь жилдээ мал эмнэлэгт ажиллаж байна. Таван хошуу малынхаа буянд төрийн дээд одонгоор шагнагдсандаа баяртай байна. Зуны халуун, өвлийн хүйтэнд малынхаа эрүүл мэндийн төлөө, иргэдээ аюулгүй хүнсээр хангахын төлөө олон жил хоёргүй сэтгэлээр зүтгэснийг төр засаг маань үнэллээ. Төр засагтаа, хамт олондоо, түмэндээ баярлалаа. Тэнгэрт хальсан аав ээждээ баярлалаа (хоолой нь зангирав).