Хан-Уулын захиргааныхан шинэ байрандаа төвхнөв
Хан-Уул дүүргийн ИТХ- ын зургадугаар хуралдаан
2013.12.24

Хан-Уулын захиргааныхан шинэ байрандаа төвхнөв

Хан-Уул дүүргийн ИТХ- ын зургадугаар хуралдаан шинэ танхимдаа өнгөрсөн тав дахь өдөр хуралдлаа.

Хуралдааныг нээж ИТХ-ын дарга Д.Батбилэг "Бид бүрэн эрхийнхээ нэг жилийг ардаа орхих гэж байна. Өмнө маань бүтэн гурван жилийн зорилт, нөр их хөдөлмөр хүлээж буйг мартаж болохгүй.

Өнөөдөр 35 төлөөлөгч ирэхээс 28 нь ирснээр ирц 80 хувьтай байгаа учраас зургадугаар хуралдаан нээснийг мэдэгдье. Энэ шинэ танхимдаа бид дүүргийнхээ иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн зөв шийдвэр, тогтоол гаргана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Харин шинэ байрны талаар дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг "Дүүрэгт хийхээр төлөвлөсөн  олон ажлын нэг нь иргэдэд үйлчилгээгээ ойртуулсан нэг цэгийн үйлчилгээтэй байр барих байсан. Энэ ч зорилтдоо хүрлээ" гэв. Ашиглалтад ороод сар гаруй болж буй эл байранд дүүргийн бүхий л хэлтэс, албад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж буй аж.