ЭМЯ-ны үйл ажиллагаатай танилцжээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ЭМЯ-нд ажиллаа
2014.01.21

ЭМЯ-ны үйл ажиллагаатай танилцжээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Д.Сумъяабазар нар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцжээ.

Тус байнгын хорооны дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, цаашид тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар харилцан санал солилцсон байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал гишүүдэд 2012-2013 онд хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бололцоог хэрхэн бүрдүүлсэн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон дархлаажуулалтын үр дүн, эх нярайн эндэгдэл буурсан талаарх мэдээллийг өгчээ.

Түүнчлэн Монгол улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий болж, хөгжсөн 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын хамрагдалт жил бүр нэмэгдэж, 2012 оны байдлаар нийт хүн амын 90,4 хувь нь ЭМД-д хамрагдсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй долоон төрлийн тусламж, үйлчилгээнд 2012 оны байдлаар 106,7 тэрбум төгрөг санхүүжүүлсэн, нийт тусламж, үйлчилгээний зардлын 62,8 хувийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд зарцуулсан тухай танилцуулсан байна.