"Цаг үе, үзэл бодол" нээлттэй хэлэлцүүлэг
2014.01.13

Л.Болд: Монголын иргэн бүр элчин сайд

Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Цаг үе, үзэл бодол" ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Л.Болд оролцож Монголын гадаад харилцааны хөгжил, хэтийн төлөвийн талаар ярилаа.

Монгол цөмийн зэвсэггүй улс болох өнгөрсөн жил нэлээд их ярилаа. Энэ сэдвээс яриагаа  эхлэе гэж бодож байна.

Гадаад Харилцааны Яамны ажлын үр дүнг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Бид өнгөрсөн жил 12 улстай дипломат харилцаа тогтоохоор боллоо. Түүнээс есөн улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолыг байнгын хороо УИХ-д өргөн барихаар боллоо.

1992 оноос Монгол бие даасан цөмийн зэвсэггүй улс гэсэн статустай байсаар ирсэн. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болсон таван улс Монголын энэ статусыг дэмжиж баталлаа. Энэ бол гадаад харилцааны өнгөрсөн жил гаргасан гол таван амжилтын нэг нь мөн. 2012 онд цөмийн зэвсгийн тухай хууль баталсан. Энэ асуудал ард түмний анхаарлын төвд байгаа учраас байнгын хороо ажлын хэсэг томилоод ажиллаж байна.

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монголд цөмийн хаягдал булахыг хориглосон. Энэ нь  сайн талтай ч бид энэ статусаа улам бэхжүүлэх ёстой. Энэ ажлыг эртхэн хийгээгүйгээс болж гадны хэвлэлүүдэд элдвийн цуурхал гарч, хэл ам дэгдсэн. Тэгэхээр дахиж иймэрхүү байдал гарахааргүй болгох хэрэгтэй. Хууль тогтоомжид байгаа цоорхойнуудыг хаах ёстой.

Түүнээс гадна цөмийн хаягдал бол зөвхөн Монголыг бус, харин дэлхийг хамгаалах асуудал. Энэ талаар дэлхийн зургаан том конвенци байдаг. Гэтэл Монгол Улс өдий болтол цөмийн хаягдлын тухай Конвенцид нэгдээгүй байна.

Таны ярьдаг гадаад харилцааны нэгдсэн байдлыг хангах гэдэг маань яг юуг хэлээд байна вэ?

Энэ бол төрийн тогтолцооны асуудал. Мөн үүнийг төрийн хар хайрцагны бодлого гэж ойлгож болно. Дэлхийд гадаад харилцаатай бие даасан 193 орон байна. Төрийн өндөрлөгүүд болон сайдуудын айлчлалын бүх асуудал Гадаад Харилцааны яамаар дамжих ёстой. Бүх тайлан тооцоо нэгдмэл байдлаар Гадаад Яаман дээр төвлөрч, дараа нь УИХ-д очдог. Манай яам 200 орчим дипломаттай.

Даяарчлагдаж буй өнөөгийн нөхцөлд 200 дипломат хангалтгүй юм биш үү?

Одоохондоо цалин, хангамжийн асуудлаас болоод орон тоо нэмэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэг хүн хэд хэдэн хүний ажил хийхээс өөр аргагүй. Түүнээс гадна дипломатчдын ажил өндөр зардалтай ч үр дүнгий нь үнэлж болдоггүй ажил.

Та сайд болохдоо иргэн бүр элчин сайд гэж хэлж байсан. Үүнийг яаж ойлгох вэ?

Энэ бол концепцийн ойлголт. Өнөөдөр бид социализмын үеийн гадаад харилцааны ойлголт, хандлагаасаа салаагүй байна. Иргэн бүр гадаадад байхдаа улс орноо тодорхой хэмжээгээр төлөөлж байдаг учир Монголыг мэдэхгүй хүмүүс иргэдээр нь дамжуулж манай улсын тухай төсөөлөлтэй болно. Тэгэхээр иргэн хүний улс орныхоо өмнө хүлээх үүрэг чухал гэсэн үг.