Сонгуулийн тухай сонирхолтой баримтууд
АНУ-ын Сан-Франциско хотын санал хураах цэгүүдийн нэг
2014.01.08

Сонгуулийн тухай сонирхолтой баримтууд

Сонгууль гэдэг голдуу улс төрийн өрсөлдөөн байдаг ч түүхээс харахад сонгуультой холбоотой зарим нэгэн хачирхалтай баримтыг олж болно.

Сонгуульд оролцоогүй хүн хууль зөрчдөг

Австралийн 2010 оны парламентын сонгууль. Хаслук муж.

Дэлхийн хэд хэдэн оронд хачин жигтэй гэмээр, гэхдээ үр дүнтэй аргаар сонгуулийн ирцийг бүрдүүлдэг байна. 20 гаруй улсын хуулинд санал өгөх нь иргэн хүний заавал биелүүлэх ёстой үүрэг гэж заасан байдаг. Тэгэхээр улс орны ирээдүйг шийдэх чухал өдөр хойш суусан этгээдүүд санаатай хууль зөрчиж байна гэсэн үг.

Дээрх орнуудын олонхид нь санал өгөөгүйн төлөө сүйдтэй шийдгэдэггүй. Гэхдээ Австралийн хуулиар сонгуульд оролцоогүй тохиолдолд мөнгөөр торгодог. Грек болон Перу улсад сонгуулийн сүүлийн шатанд санал өгөөгүй хүмүүст зарим төрийн байгууллагууд үйлчлэхээс татгалзах жишээтэй. Эдгээрээс хамгийн хатуу шийтгэл ногдуулдаг нь Бразиль улс юм. Энэ оронд хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураах байранд ирээгүй 18-аас дээш настай иргэдээс дараагийн сонгуульд санал өгч алдаагаа засах хүртэл иргэнийх нь үнэмлэхийг хурааж авдаг байна.

Хүйсээр ялгаварлан гадуурхдаг

Сонгуулийн үед иргэдээ хүйсээр ялгаварлан гадуурхах үзэгдэл саяхныг болтол соёлжсон гэгддэг Европт байсаар байв. Швейцарын эмэгтэйчүүд 1978 оныг хүртэл санал өгөх эрхгүй байлаа. Харин орон нутгийн сонгуульд оролцох эрхийг дөнгөж 1991 онд  олж авсан байна.

Үзэг гэдэг хамгийн хүчтэй зэвсэг

Астрид Линдгрен

Олон хүн хүүхэд байхдаа дээвэр дээр амьдардаг Карлсоны тухай үлгэрийг уншсан байх. Гэхдээ уг үлгэрийн зохиолч Астрид Линдгрен нь Шведийн засгийн эрхийг 40 гаруй жил барьсан намыг сонгуульд ялагдахад хүргэсэн  гол буруутан гэдгийг тэр болгон мэддэггүй. Учир нь 1976 онд Астридад 100 хувийн орлогын албан татвар ногдуулжээ. Ийм хачин жигтэй татвар ногдуулсны хариуд нь зохиолч эмэгтэй шог өгүүлэл бичсэн нь улс төрийн хүрээнд ширүүн маргаан дэгдээв. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар чухам энэхүү явдал Шведийн Социал Демократ нам 40 гаруй жил улс төрд ноёрхсоны эцэст анх удаа сонгуульд ялагдал хүлээх шалтгаан болсон гэж үздэг.

Покер тоглоод хожсон нь хотын дарга больё

АНУ-ын зарим хууль тун сонин шийдэлтэй. Жишээ нь: Нью-Мехико мужид сонгуульд тэнцүү санал авсан нэр дэвшигчид ямар нэгэн тэмцээнд авхаалж, самбаагаа сорьж асуудлаа шийдэж болно гэсэн хууль үйлчилдэг. 1998 онд хотын даргад нэр дэвшсэн хоёр хүн яг тэнцүү санал авахад уг хууль бодитойгоор хэрэгжсэн байна. Нэр дэвшигчдийн нэг нь покер тоглох санал оруулсан бол нөгөө нь шоо хаяхыг санал болгожээ. Эцэст нь зоос шидсэнээр покер тоглож, хожсон нь хотын дарга болжээ.