Улс төрчдийн инээдийг юу хүргэдэг вэ?
Билл Клинтон ба Борис
2014.01.06

Улс төрчдийн инээдийг юу хүргэдэг вэ?

Төрийн өндөр тушаалтан олны өмнө үг хэлж байхдаа биеэ барьж чадалгүй тэсгэлгүй инээх тохиолдол цөөнгүй байдаг. Уншигч та бүхэнд хамгийн хөгжилтэй гэсэн зарим тохиолдлыг дүрс бичлэгийн хамт сонирхуулъя.

Өнгөрсөн оны зургаан сард парламентынхаа гишүүдийн элгийг хөшөөсөн Изралийн нэгэн сайдын дүрс бичлэг интернэтэд тавигдсан байв. Изралийн Боловсролын сайд Шай Пирон (Shai Piron) 2013 оны зургаан сарын гурванд Изралийн парламент болох Кнессетэд илтгэл тавих үеэр энэ хөгжилтэй явдал болжээ. Тэрээр шоронгийн дэглэмийг чангатгах тухай хуулийн төслийг танилцуулж байсан бөгөөд хуралдааныг парламентын телевизийн суваг шууд дамжуулж байв.

“Эрхэм Хурлын дарга, хүндэт гишүүд ээ! Уг хуулийн төсөл нь шоронгийн бүсэд хориотой эд зүйл оруулах буюу контрабандтай тэмцэхэд зориулагдсан болно” хэмээн хуулийн төслийг уншиж эхлэнгүүтээ Пирон түсхийн инээд алдсанаасаа болж илтгэлээ үргэлжлүүлж чадахгүйд хүрчээ.

Иврит хэл мэддэг сэтгүүлчдийн хэлснээр “контрабанд” гэсэн үг сайдын инээдийг хүргэсэн байна. Учир нь “контрабанд” хэмээх үг нь иврит хэлэнд эндүү ташаа тайлж болохоор “шургуулах, углах” гэсэн салаа утгыг агуулдаг аж. Сайд маань хуулийн төслөө танилцуулж чадалгүй хөхөрсөн хэвээр индрээс бууж одсон байна.

Хожим Пироны ярьснаар дээрх хуулийн төслийг Пирон биш, хуралдаанд ирж чадаагүй өөр нэгэн гишүүн унших ёстой байжээ. Пирон индэрт гарсан хойноо л текстийг анх олж харсан бөгөөд санаандгүй нүдэнд туссан үгнээс болж инээд алджээ.

 

2010 оны намар Щвейцарын Сангийн сайд Ханс-Рудольф Мерц (Hans-Rudolf Merz) парламентын бүх гишүүдийг хөгжөөжээ. Тэрээр махны импортын тухай маш уйтгартай илтгэлийг унших хэрэгтэй болсон байна. Илтгэлийн эцэс төгсгөлгүй үргэлжлэх нэр томъёо, тоо баримтууд гишүүдийн нойрыг хүргэж эхлэв. Гэтэл тэднийг бүрэн унтахад нэг зүйл саад болов.

Боловсрол муутай дарга хүний бичсэн болов уу гэмээр муруй хазгай хэллэгтэй уг илтгэлийг уншиж байсан сайд танхим доторхи унтаа уур амьсгалыг сэргээв. Гаалийн тухай хуулийн заалтуудыг уншиж эхэлснээ Сангийн сайд түсхийтэл инээд алдах нь тэр. Уйтгараа үргээх боломж олдсонд гишүүд ч олзуурхав. Сайд маань нэгэн махан бүтээгдэхүүний нэр болох “бюнднерфляйша” гэсэн хэл хугалах дөхсөн үгийг хэлэх гэснээ бүр ч биеэ барьж дийлсэнгүй. Энэ үгийг сайд хоёр дахь оролдлогоор арайхийж хэлсэн ч дахиад л инээв. Изралийн сайдыг бодвол тэр инээдээ зогсоож, илтгэлээ дуустал уншиж чадсан байна.

 

2010 онд Швейцарийн Ерөнхийлөгч байсан Мерца Дорис Лойтхардтай (Doris Leithard) мөн иймэрхүү зүйл тохиолджээ. Адуучдын Холбоо адууны биеийн байдлыг шалгах үйлчилгээг ямар үнэтэй үзүүлдэг тухай гишүүдийн нэг нь асуусан нь түүний инээд алдах шалтгаан болжээ.

Эхлээд Лойтхард биеэ барьж, тайван байхыг хичээж байлаа. Гэсэн хэдий ч адууны сэтгэл зүйн тогтвортой байдлыг тогтоох нэгэн аргачлалын тухай өгүүлбэрээс болж ерөнхийлөгчийн анхаарал сарниж эхлэв. Хариултын хэсгээс уншаад зогсолт хийхээс өөр арга байсангүй. Тэрээр “Би ямар утгагүй зүйл уншаад байнаа? Энэ асуудалд би ямар их анхаарал хандуулж байгааг хараач. Долоо хоног болгон би ямар нэгэн шинэ юм мэдэж авч байна” хошигножээ. Үүний дараа Щвейцарийн төрийн тэргүүн анхаарлаа дахин төвлөрүүлж, адууны тухай илтгэлээ дуусгажээ.

 

Төрийн тэргүүн хүн олны өмнө өөрийгөө хянаж чадахаа больсон хамгийн хөгжилтэй явдлуудын нэг нь 1995 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин нарын Нью-Йоркт зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр тохиожээ. Тэр үед хоёр Ерөнхийлөгч бүс нутгууд дахь зарим маргаантай асуудлууд, түүний дотор Босни дахь мөргөлдөөний асуудлыг хоёр талт хэлэлцээгээр ярилцаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл хийж байлаа.

Клинтоныг үг хэлсний дараа Ельцин микрофонд дөхөж очоод сэтгүүлчдийг загнаж эхлэв. АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх түүний хэлэлцээ бүтэлгүйтэх тухай бичсэн сонины нэгэн өгүүллийн тухай сэтгүүлчдэд сануулж, тэрээр “Та нар бүтэлгүйтнэ гэж би нэг биш удаа сануулсан шүү” хэмээн Оросын Ерөнхийлөгч хэлэв. Клинтон орчуулгыг сонсоод л учиргүй инээж, нулимсаа гартал хөхөрчээ.

Клинтон яагаад тэгтлээ хөхөрсөн тухай олон янзаар тайлбарладаг. Тэгэхэд Америкийн Ерөнхийлөгчийн толгойд сэтгүүлчдийг загнаж, зандрах бодол орж ирээгүй нь мэдээж. Нэг хэсэг хүмүүс Оросын Ерөнхийлөгчийн хэлсэн үг түүнийг шоконд оруулснаас болсон гэж үздэг байхад нөгөө хэсэг нь Ельцины үгийг буруу орчуулсан орчуулагчийн буруугаас болсон гэж тайлбарладаг. Гэхдээ дараа нь шалгахад орчуулагчийн хөрвүүлгэнд ямар ч зохисгүй үг хэллэг байгаагүй ажээ.

Өөр нэг хэсэг хүмүүсийн үгээр бол юу ярьж буйгаа мэдэхээ больтолоо архи уусан байсан Ельцинээс ичсэндээ Клинтон инээсэн гэж үздэг. Тэнд байсан хүмүүсийн баталснаар Ельцин нэлээд халамцуу байсан нь үнэн аж. Ийм таамгийг дэвшүүлсэн хүмүүс Ельцины хэлсэн үгнээс хэвлэлийнхний анхаарлыг холдуулах гэсэндээ Клинтон хэргээр тэгж инээсэн гэж тайлбарладаг.