Д.Батцогт: Бусад намын дотоод асуудалд оролцмооргүй байна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь нэлээд өргөн цар хүрээтэй салбаруудыг хариуцдаг байнгын хороог тэргүүлэх болж ажлаа хүлээн авлаа. Мэдээж өнгөрсөн жилийн ажлын тайлантай танилцсан байх?
-Манай байнгын хороо таван яамны эрхлэх ажлын хүрээний ажлуудыг хариуцдаг. Одоогийн байдлаар хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох, шинэчлэл шаардаж байна. Тухайлбал эрүүл мэндийн салбар л гэхэд бүхэлдээ шинэчлэл хийгдэхээр хүлээгдэж байна. Хүн амын эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл л гэхэд байнгын хороогоор хэлэлцэгдэх гээд бэлтгэгдэж байна. Тогтолцоо болон менежментийн хувьд шинэчлэх шаардлагатай.
Боловсролын салбарын хувьд бага, дунд боловсролын тухайд бодлогын томоохон шинэчлэл хэрэгтэй. Дээд боловсролын тогтолцоог өөрчлөх шаардлага үүсчихээд байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гээд тоочвол их ажил бий.
Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэх зэргээр асуудал их байгаа. Соёлын салбарт л гэхэд Соёлын өвийг хамгаалах тухай хууль хэлэлцэгдэх шатандаа явж байна.
-Нэгэнт олон салбар хамаарч байгаа болохоор ажлын төлөвлөгөөгөө аль хэдийн гаргасан байлгүй?
-Энэ онд маш олон хуулийг хэлэлцэн батлуулахын тулд нэлээд ачаалал ихтэй ажиллах шаардлагатай юм байна гэж харж байгаа. Өнөөдрөөс эхлээд салбарын яамд болон харьяа байгууллагуудынх нь ажил байдалтай танилцахаар төлөвлөөд байна. Хамгийн түрүүнд Хөдөлмөрийн яам түүний харьяа газруудаар очно доо.
-Бүгдэд л шинэчлэл шаардлагатай байгаа. Гэхдээ таны хувьд хамгийн түрүүнд юуг шийдвэрлэх вэ?
-Тэр нь чухал гэж одоогоор ялгаж, салгаагүй байна. Байнгын хорооны ажлын албанаас хамгийн түрүүнд Хөдөлмөрийн яамны ажилтай танилцах гэсэн санал гаргасан. Тэр дагуу ажиллахаар төлөвлөсөн. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд Хөдөлмөрийн яамыг байгуулсан. Харин бодит байдал дээрээ энэ ажил ямар шатанд явна, тус яамны хүрээний МСҮТ-үүдийн чанар, тэдний төгсөгчдийн ажлын байр зэрэг нь сонирхол их татаж байна.
Мөн ЖДҮ гэж том салбар байна. Үүнд зориулагдаж төрөөс чамгүй мөнгө гарч байгаа. Энэ мөнгө эзэндээ хүрч байгаа эсэх. Хөтөлбөр хэрэгжээд хэчнээн хүний бизнес хөгжиж, хэдэн хүн шинэээр ажилд оров гэдгийг анхаарна.
Харин дараагийнх нь Эрүүл мэндийн яам гэж төлөвлөж байна. Энэ салбар хамгийн чухал хэрнээ байнга албан тушаалын төлөөх маргаан гарч, эхийн болон нярайн эндэгдэл нэмэгдэж, өвчлөл ч их байна. Үүнтэй холбоотойгоор ямар шинэчлэл хийх ёстойг судлах хэрэгтэй байгаа. Хурдан хугацаанд ажлаа гартаа оруулж авахын тулд яамдуудаар явж жаргал зовлонг нь сонсох нь зүйтэй гэж бодсон.
-Хөдөлмөрийн яамтай адил ССАЖ-ын яам мөн л шинээр байгуулагдсан. Гэтэл яам, сайд хоёр хоёулаа “Батаар” гэдэг нэртэй болчихлоо. Тэгэхээр олонд хүрсэн ажил нь ганц батаар боллоо гэж олон нийт шүүмжлээд байна таны хувьд үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Яах вэ, олон түмэнд “Батаар”-аар хүрчихсэн болохоор тэгж нэрлээд байх шиг байна. Соёлын салбар бол төрийн бодлогын нэг хэсэг байх ёстой. Манайхан соёл, урлаг гэхээр л хэдэн дуучны талаар бодоод байна. Гэтэл Монгол төр түүх, уламжлалт соёлоо залуучууддаа, цаашлаад дэлхий дахинд хэрхэн сурталчлах гээд асар том асуудал.
Би саяхан Ц.Оюунгэрэл сайдтай энэ талаар санал солилцсон. Тухайлбал орон нутагт жуулчны баазуудад очиход хөтөч нь социализмын үеийн тайлбар хийгээд зогсож байна лээ. Энэ мэт ажлуудад нэгдсэн систем, гарын авлагатай байх талаар ярилцлаа. Жишээлбэл Солонгосын жишээг харъя л даа. Түүхэн сериал олныг хийж ард түмэндээ сурталчилж байна. Үүний адил манайхан ч гэсэн гуйвсан, буруу танигдсан түүхэн үйл явдлуудыг засаж, залруулахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг бодох ёстой.
Цаашлаад аялал, жуулчлалтай холбогдох учраас их том яам. Тиймээс тус яамныхан дүгнэлт хийх хэрэгтэй. “Батаар”-аас өөр бусад хийсэн ажлаа олон нийтэд таниулах хэрэгтэй. Одоогоор соёлын өвийн тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Цаашид олон хууль, тогтоомж гарах байх.
-АН-ынхан байнгын хорооны дарга нараа солиогүй. Харин Ц.Даваасүрэн гишүүнийг байнгын хорооны даргаар үлдэхийн тулд АН-д элсэх нь гэх яриа гараад байгаа. Харин “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг байнгын хорооны дарга нараа яагаад сольчихов?
-“Шударга ёс” бүлэг хоёр байнгын хороо авсан шүү дээ. Өөрөөр хэлбэл МАХН нэг, МҮАН нэг байнгын хороо даргалж байгаа. Ц.Цолмон гишүүн манай намд байж байгаад МАХН-д шилжихдээ байнгын хороотойгоо шилжсэн.
Тиймээс манай намаас нэг байнгын хороогоо даргалах шаардлагатай болж байгаа юм. Энэ асуудлыг бүлэг дээр албан ёсоор яриад шийдсэн. Ер нь байнгын хороогоо сэлгэе гэсэн шийдэлд хүрсэн учраас л иймэрхүү хөдөлгөөн хийсэн.
-Анх байнгын хороодын дарга нарыг томилох гэж байхад сайд болоогүй гишүүдээ АН-ынхан байнгын хорооны даргаар томилох нь гэсэн яриа байсан. Яг үнэндээ ажил хийх гэж томилогдсон дарга нар байна уу. Эсвэл зүгээр л сэтэр зүүсэн нэгэн болж байна уу?
-Сэтэр гэж ойлгож болохгүй. Ерөнхийдөө ажлын ачаалал даах чадвар, ажилдаа хандах хандлага зэргийг нь харж томилгоо хийж байгаа. Би залуу хүнийхээ хувьд хүчээ дайчилж, шинэчлэл хийе гэдэг үүднээс НББШУБХ-г сонгосон. Нийгмийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед энэ салбарт хүчээ шавхаж зүтгэе гэж бодож байна.
-“Шударга ёс” бүлгээс ажил хийе гэснийг нь томилж байх шиг. Харин гарч байгаа мэдээллээс харахад АН-ын зүгээс тохироо хийж байгаа юм шиг харагдаж байна?
-Миний хувьд энэ талаар мэдсэн зүйл алга. Тиймээс ярих юм алга. Нөгөөтэйгүүр бид олонхыг бүрдүүлж байгаа нам учраас бусад намын дотоод ажилд оролцмооргүй байна.
-Төрийн түшээд тэр дундаа УИХ-ын гишүүдийн ажлыг сонгогчид нь дүгнэдэг. Гэхдээ жил бүрийн төгсгөлд хүн бүр өөрийн хийснээ дүгнэдэг. Таны хувьд өнгөрсөн онд хийсэн бүтээснээ хэрхэн дүгнэсэн бэ?
-Өнгөрсөн онд их ачаалалтай ажилласан гэж бодож байна. Чадах хэмжээндээ хангалттай ажилласан гэж үзэж байгаа. Хууль зүй, Төрийн байгуулалт, Эдийн засаг гэсэн гурван том байнгын хороонд орж ажилласан. Хэлэлцэгдэж буй хуулийн төсөлтэй холбоотой бүх ажлын хэсэгт орж ажилласан. Мөн тэдгээрт бүгдэд нь саналаа хэлж, сонгогчдынхоо санаа бодлыг тусгахыг зорьсон.
Сая УИХ-ын гишүүдийн шинэ жилийн баяр болж, намайг хамгийн идэвхтэй ажилласан гишүүнээр шалгаруулж өвлийн өвгөн бэлэг өгсөн. Хамгийн олон ажлын хэсэгт орж ажилласан гишүүнээр тодорсон байна вээ. Түүнчлэн шинэчлэл шаардсан, томоохон байнгын хороо ахалж байгаагийн хувьд асар их ачаалал ирэх байх. Гэхдээ өөрийгөө дайчилж ажиллана.
-Энэ жилийн хувьд байнгын хороо хариуцаж ажиллахаар тойргийн тань ажил орхигдчих юм биш биз?
-Тойрог бол гишүүдийн хамгийн их анхаарал хандуулахыг шаарддаг хэсэг. Уг нь би тойрогтоо их ажилладаг. Гэхдээ энэ намрын чуулганы үеэр нэг их ажиллаж чадсангүй. Сар шинийн баярын өмнөхөн тойрогтоо очно. Харин цагаан сарын дараа тойргийнхоо бүх суманд очиж ажиллана. Энэ үеэрээ байнгын хорооныхоо хүрээнд хамаарах газруудаар орно.
Манай тойрогт Белгийн болон манай Засгийн газрын хамтарсан 10 сая еврогийн төсөл хэрэгжих гэж байгаа. Ховд аймгийн төвийн эмнэлэг Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв болох юм. Техникийг нь шинэчилж, цахимжуулах болон эмч, ажилчдыг нь чадваржуулах зэрэг томоохон ажлуудыг хийнэ. Энэ мэтчилэн тойрогтоо ч бас хийх ажлууд төлөвлөсөн зүйлүүд байна.