С.Эрдэнэ: Шинээр төрсөн эхийн тэтгэмжийн асуудлыг халамжийн бодлогоос салгана
Монгол Улсын Засгийн Газар “Олуулаа” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Монголын хүн амыг өсгөх стратегийн ач холбогдол бүхий энэ хуулийн төслөөр бол шинээр төрсөн эхийн тэтгэмжийн асуудлыг халамжийн бодлогоос тусад нь авч үзнэ гэж салбарын сайд мэдэгдлээ.
2013 оны төгсгөлд Монгол Улс анх удаа дөрвөн ихэр хүүхэд өлгийдөн авлаа. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсанаасаа хойш тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай 136-р тогтоол баталсан. Энэ тогтоолоор гурав болон түүнээс дээш тооны ихэр хүүхэд төрүүлсэн иргэний нэг хүүхдэд гурван сая төгрөгний тэтгэмжийг олгохоор болсон юм. Тогтоол ёсоор дөрвөн ихэрт өгөх 12 сая төгрөгийн тэтгэмжийг Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд он гарахаас өмнөхөн эцэг эхэд нь гардууллаа.
Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ:
Хүн амын нөхөн үржихүй, өсөлтийн бодлогыг нийгмийн халамжийн бодлогоос салгая гэсэн бодолтой байна. Хүн амын өсөлт бол Монголын нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал гээд стратегийн ач холбогдолтой асуудал болохоор халамжийн бодлогод хамаарахгүй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн Газар олуулаа болох эрх зүйн актыг боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл төрсөн ээж, хүүхдэд өгөх төрийн хайр халамж бол олуулаа болох бодлогын нэг хэлбэр юм.
2013 онд Эх Нялхсын Эрүүл Мэндийн Төвд 230 гаруй ихэр хүүхэд мэндэлжээ. Ихэр төрүүлсэн эхчүүдийг ийнхүү төрөөс тусгайлан харж үзэж байгаа нь учиртай гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь нэг талаас хүн амын өсөлтөд чухал ач холбогдолтой, нөгөө талаас ихэр хүүхэд төрүүлнэ гэдэг эх хүний хувьд маш том эрсдлийг дагуулж байдаг.
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга:
Нэг жирэмслэлт бөөр, зүрх зэрэг цуллага эрхтний цусны эргэлтийг 4-5 дахин нэмэгдүүлдэг. Харин ихэр хүүхэд үүнээс хоёр дахин их ачааллыг өгдөг.
Дөрвөн ихрийн ээж гэртээ суудаг, харин аав нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагйин хэсгийн төлөөлөгч. Том охин нь хоёр настай. Эхнэр Хандаа 23 настайдаа таван хүүхдийн ээж, алдарт эх боллоо.