ЭХЭМҮТ-ийн хүүхдүүдэд бэлэг өглөө
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.12.27

ЭХЭМҮТ-ийн хүүхдүүдэд бэлэг өглөө

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёр дахь жилдээ ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлал, Цусны эмгэг судлалын болон Зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өглөө.

Тус эмнэлгийн дээрх гурван тасагт хэвтэж буй хүүхдүүд ихэвчлэн удаан хугацаагаар эмчлүүлдэг бөгөөд Эрүүл мэндийн сайдыг очих үеэр 40 хонож байгаа хүүхэд ч байсан юм. Мөн Дархан-Уул аймгаас ирж эмчлүүлж буй 13 настай нэгэн хүү найман сартайгаасаа эхлэн бөөрний дутагдлаа эмчлүүлж байгаа гэлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүүхдүүдэд шинэ оны мэнд хүргэж, хурдан эдгэхийг ерөөгөөд эцэг, эхчүүдийн саналыг сонссон.

Үүний дараагаар Хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгаар орж, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч нартай телемедицин буюу зайн оношилгооны сүлжээгээр холбогдож, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт өчигдрийн /2013.12.26/ байдлаар эмчлэгдэж байгаа хүүхэд байсангүй. Харин Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эрчимт эмчилгээний тасагт 240 гаруй хүүхэд байгаа гэв. Сүүлийн үед амьсгалын замын өвчин ихссэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд ханиад хүрч, хүндэрснээс хатгаа авах болсон байна.

Тус дүүргийн хувьд ачаалал ихтэй, үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийнхээ 50 хувьд зөвлөгөө өгч гэрээр нь эмчлэх арга хэмжээ авч буцааж байгаа гэлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал одоо хэвтэж байгаа хүүхдүүдээсээ гэрээр гарах боломжтойг нь гаргаж, эмчилгээ, зөвлөгөөг хангалттай өгөх хэрэгтэйг зөвлөв. Ингэснээр хүүхдүүд нэг нэгнээсээ дахин халдвар авахгүй, хүүхдийн тасгийн агаар сэлгэлт сайжрах зэрэг давуу талтайг хэлсэн юм.

Мөн тэрээр хэлэхдээ, “2014 оны Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгож байгаа. Би өглөө бүр эмнэлгийн дарга нартайгаа цахим хурал хийж, сэхээнд байгаа хүүхэд бүрийн талаар мэдээллийг тогтмол авч, шуурхай ажиллахаар болсон. Хүүхэд бүрийн асуудлыг Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан шуурхай удирдлагын хороогоор хэлэлцдэг болно.

Хүүхдийн эмч нар илүү хариуцлагатай болж байгаа гэдгийг дуулгая. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг манай хүүхдийн эмч нар манлайлна гэж бодож байгаа. Та бүхэндээ маш их найдаж байгаагаа хэлмээр байна” гэлээ.