Нийслэлийн иргэн танд шинэ оны мэнд хүргэе!
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ ! Улаанбаатар хотын иргэд ээ !
Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе.
Улирч буй он нийслэлийн иргэн бүрт баяр баясал, аз жаргал, амжилт бүтээл бэлэглэсэн, Улаанбаатар хотод урьд өмнө нь байгаагүй их бүтээн байгуулалт өрнөсөн сайхан жил байлаа. Бид төрөлх хотоо хөгжүүлэх ойрын болон дунд хугацааны хөтөлбөрүүдийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар баталгаажууллаа.
НИТХ байнгын ажиллагаатай болж, иргэддээ улам бүр нээлттэй ил тод байх зарчимд шилжин ажиллаж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх түүхэн шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын хатуу хучилттай замыг 657,6 км болгож нэмэгдүүлэн, замбараагүй барилгажилт, бодлогогүй газар олголттой тэмцлээ. “Ахмадын орон сууц” халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж шинэ оны өмнөхөн ахмадууд маань шинэ байрандаа орлоо.
Улаанбаатар хотыг иргэд нь удирддаг, авлига хүнд сурталгүй, ил тод нээлттэй, болгохын төлөө бид хичээнгүйлэн зүтгэсээр байна. Бид анх удаа нийслэлийнхээ төсвийг иргэдийн оролцоотой боловсруулж, баталлаа. Өрх бүрийн саналыг үндэслэн нийслэл төсвөө зохионо гэдэг нь яг л тэр хороонд хэрэгтэй байгаа гэрэлтүүлэг, зам, цэцэрлэг гээд бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд биелэлээ олж иргэдийн төлсөн татварын мөнгө хэрэгтэй зүйлдээ зарцуулагдах боломжтой боллоо.
Өмнөх үеийн нандин уламжлал, өдгөөгийн гэрэл гэгээтэй итгэл, тэмүүлэлдээ тулгуурлан маргаашийн нарыг хамтдаа угтах бүтээн байгуулалтын өдрүүд бидний өмнө дурайж байна. Айлчлан ирж буй 2014 оны шинэхэн хуудсанд нийслэлчүүд бид олон сайхан бүтээн байгуулалт, шинэ Улаанбаатарын өнгө төрхийг тэмдэглэн үлдээх болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний орон сууц ашиглалтад орж, хотын захиргааны шинэ цогцолборын барилгын ажил Баянхошуунд эхэлнэ.
Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулж Монгол даяараа амар амгалан, тохилог орчинд дэнж хотойтол наадна. Иргэнд өмчлүүлэхээр НИТХ-аас тогтоосон газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж, иргэддээ өмчлүүлж эхэлнэ. “Том төрөөс Ухаалаг төр рүү” хэмээх Ерөнхийлөгчийн уриалгыг халуунаар дэмжин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, цахим засаглал “Ухаалаг Улаанбаатар”-ыг хөгжүүлнэ.
Нийслэлчүүд ээ, хамтдаа улирч буй оныхоо амжилт бүтээлээр жигүүрлэн шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтацгаая.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Нийслэлийн эзэн Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.