Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан боллоо
МАХН-аас улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгууллаа.
2013.11.27

Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан боллоо

Улс тунхагласны түүхт 89 жилийн ой, Анхдугаар Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан МАХН-аас улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгууллаа.

Энэ жилээс эхлэн эл түүхэн тэмдэглэлт өдрийг тэмдэглэхээ больж, бүх нийтийн амралтын өдөр байхыг болиулсан боловч МАХН-аас монголчуудын тусгаар тогтнолоо тэмцэж олсон өдрийг заавал тэмдэглэж байх нь зөв хэмээн үзэж хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Тиймээс тус намынхан үдээс өмнө эл баярын арга хэмжээтэй холбогдуулан Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн байна.

Хүчит бөхийн барилдааны нээлтийн үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба дараах үгийг хэлсэн юм.

“Монголчууд бид Тусгаар тогтнолоо тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 89 жилийн ойн өдөр энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхэнтэйгээ болон үзэл бодол, үйл зорилго нэгтэй МАХН-ын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.

МАХН-ын үзэл баримтлал үйл хэргийг сэтгэл зүрхээрээ дэмждэг намын гишүүд, дэмжигчид, монголынхоо нийт ард түмэнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дах Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Улс Тунхагласны түүхт 89 жил, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийн баярын халуун мэнд хүргэснийг уламжилж байгааг минь хүлээн авна уу.

Г.Шийлэгдамба: Та бид энэхүү түүхт өдрийг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хойч үеийнхээ ирээдүйн төлөө улс орныхоо тусгаар тогтнолыг улам бүр баталгаажуулан хамгаалах ёстойг сануулсан өдөр хэмээн ойлгож хүлээн авдаг.

Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын  анхны Үндсэн хууль батлагдсан билээ. Ийнхүү  эцэг хуулиа батлан Тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлан тунхагласан явдал нь төв Азийн цээжин дэх өнөөдрийн Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөө, хараат бус байдлыг бататгасан түүхэн үйл явдал байлаа.

МАХН 90 жилийн түүхэн уламжлалтай нам. Энэхүү түүхэн хөгжлийн явцдаа Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, ил тод байдлыг хамгаалж ард иргэдээ өмч хөрөнгөдөө эзэн нь байж,  эрүүл, аюулгүй орчинд амьдрах тэгш нөхцөлөөр хангах, эрхийг нь хамгаалахын төлөө үеийн үед үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн улс төрийн хүчин гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.

МАХН улс орны хөгжлийн тодорхой үе шатуудад эдгээр ололтуудыг бататгаж сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, эрх зүйт төр, ардчилсан нийгмийн үнэт зүйлсээр баяжуулан удаа дараагийн Үндсэн хуулиудаараа баталгаажуулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, алдаа оноогоо дэнсэлж ирсэн бахдам түүхтэй улс төрийн хүчин гэдгийг энэ өдөр энэ индрээс намынхаа гишүүд дэмжигчид энд хуран цугласан олны өмнө хэлэхэд таатай байна.

МАХН 90 жилийн түүхэн уламжлалтай нам

Та бид энэхүү түүхт ойн өдрийг тэмдэглэн, ахмад үеийнхнийхээ гавьяаг алдаршуулахын зэрэгцээ ардчиллын замаар замнаж, хөгжил дэвшлийн зүг урагшилж буй Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал,  хойч үеийнхээ ирээдүйн төлөө улс орныхоо тусгаар тогтнолыг улам бүр баталгаажуулан хамгаалах ёстойг сануулсан өдөр хэмээн ойлгож хүлээн авдаг юм.

Ингээд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 89 жилийн ойн өдрийн мэндийг дахин хүргэж баярын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье” гэлээ.