Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.27

Ц.Элбэгдорж: Олон талбарт өнгөлж яваа алдартнууд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, байгаль орчин,  харилцаа холбоо, эрүүл мэнд, аж үйлдвэр, хууль эрх зүйн  салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын гавьяат цол, одон, медаль хүртээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Тусгаар тогтнолынхоо 102 жилийн ойг тохиолдуулж,ажил үйлсдээ онцгой амжилт гаргасан иргэдийнхээ төлөөлөлд Монгол төрийн их шүтээн Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө шагнал гардууллаа.

Түүхэн ой, тэмдэглэлт өдрийг тогтоож, язгуур соёл, өв уламжлал, монгол бахархлаа нандигнаж хойч үедээ өвлүүлэх нь монгол хүн бүрийн эрмэлзэл, эрхэм суртахуун байх учиртай. Энэ жил Тулгар төрийн 2222 жилийн тэгш ой тохиохын хамт эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өвөг дээдсийн маань халуун эх оронч үйл хэргийг хүндэтгэх 102 жилийн ой тохиож байна.

Энэ өдөр шагнал гардаж авсан хүмүүс бол Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч байгаа манай улсын бахархал болсон иргэдийн төлөөлөл юм.

Би энд цөөн хүнийг онцгойлон дурьдахыг хүсч байна.

Одоогоос бараг хагас зуун жилийн өмнө их эрдэмтэн Ядамжавын Цэвэл гуай Монгол хэлний товч тайлбар толь хэмээх түүхэнд үнэ цэнэтэй, улс үндэстнийхээ хэл соёлд онцгой хувь нэмэр оруулсан  толь бичиг бүтээж байсан нь "Цэвэлийн ногоон толь" гэж алдаршсан. Өнөөдөр түүний хүү, нэртэй эрдэмтэн Цэвэлийн Шагдарсүрэн аавынхаа 30 мянган үгтэй толийг 50 мянга гаруй үгийн сантай болгож нэмж дэлгэрүүлэн хэвлүүлжээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон Шагдарсүрэн таньд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Мөн өнөөдөр энэ танхимд Монгол улсын гавьяат цолтон болсон, Холбооны салбарт тасралтгүй 56 жил ажилласан Цэвэгийн Мятав, найруулагч, жүжигчний мэргэжлээр 50 жил ажиллаж олон сайхан дүр бүтээсэн Шатарын Цэцэг, 2013 оны Жудо бөхийн ДАШТ-ээс аваргын алтан медаль авчирсан Мөнхбатын Уранцэцэг, 33 жил автобусны жолоочоор ажилласан Буянтогтохын Оюунбаатар,

51 жил тасралтгүй гагнуурчин хийж улс орныхоо бүтээн байгуулалтад эгэл даруухан зүтгэж ирсэн Шаравын Нямдорж, сургалт судалгааны 60 гаруй аргачлал нэвтрүүлж шинжлэх ухаан, боловсролын салбарт 44 жил зүтгэсэн Шонхорын Мөнхбат, 74 жилийн турш үр бүтээлтэй ажиллаж яваа манай хилийн цэргийн ахмад түүх судлаач Эрэнцэнгийн Лувсанбалдан, эмийн үйлдвэрт хагас зуун жил ажилласан

Авирмэдийн Ламжав, ард зоныхоо эрүүл энхийн манаанд 30 гаруй жил зүтгэж яваа мэс заслын эмч Хандсүрэнгийн Должин гээд улсынхаа эрүүл ахуй, сонгодог урлаг, цаг уур, хөнгөн үйлдвэрлэл, спорт, Хөдөө аж ахуй, Батлан хамгаалах, хууль эрх зүй, боловсролын салбар гээд олон олон талбарт өнгөлж яваа алдартнууд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

Аливаа хүний амжилт бол өмнөх үеийн залгамж байж, өнөөдрийн бүтээл болж, дараа үедээ өв болон үлдэх учиртай. Энд сайн нэрээ гаргаж, сайн өв бүтээж яваа хүн бүрийн ард гэр бүл, хамт олон нь байдаг. Та бүхэндээ болон та бүхнийг энэ амжилтад хүргэсэн олон сайхан хүмүүст ч бас талархал дэвшүүлж баярын мэнд хүргэе. Бүгдэд нь баяр хүргэе" гэлээ.