Инженер Н.Нацагнямд 100 сая төгрөгийн шагнал олголоо
Гадаадаас өндөр үнээр авдаг байсан төхөөрөмжийг монголдоо гар аргаар угсарч олон тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан инженер Н.Нацагнямд Засгийн Газар энэ оны шилдэг бүтээлийн шагналыг олгохоор болсон билээ.
Хоёр хоногийн өмнө эзэндээ төрийн соёрхол авчирсан синхрон генераторын цахим автомат өдөөгч систем, түүний виртуал лаборотори нэртэй бүтээл өнөөдөр эзэндээ дахин 100 сая төгрөгийн шагнал авчирлаа.
Инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” нэртэй бүтээл олон тэрбум төгрөгийн инновацийн импортыг орлуулж чаджээ. Түүний бүтээлийг цахилгаан станциудад суурилуулбал эрчим хүчний систем ОХУ-аас хараат бусаар бие даан ажиллаж чадахаас гадна аваар гаргах хүчдэл хэлбэлзэх үед эрчим хүчний систем найдвартай ажиллана гэж салбарынхан үзэж байна. Ерөнхий сайд шагнал гардуулахдаа, монгол хүн оюунлиг бүтээн байгуулалтыг алдаршуулж юуг ч хийж чадна гэдгийг онцоллоо.
Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:
Манай Н.Нацагнямын бүтээлийн 99 хувь нь мэдлэг, оюун ухаан. Энэ жилийн шинжлэх ухаанын зуун саяын шагналыг түүнд олголоо. Тэр оюун мэдлэгээ практик дээр хэрэгжүүлж чадсан чадварлаг залуу инженер юм.
Шинжлэх ухааны салбарт олгодог зуун саяын шагналыг өмнө нь хоёр хүн хүртэж байсан байна.