Ж.Энхбаяр: Эдийн засгийн хүнд байдлаас гарахад алтны салбар чухал үүрэгтэй
Монголчуудыг социалист нийгмээр замнаж, газрын хэвлий дэх алтаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байх үед гадныхан “Алтан дээр суусан гуйлгачид” хэмээн цоллодог байсан.
Ингээд 1990 он гарч, хүн бүр л өөр өөрсдийнхөө хар амийг бодож эхэлсэн ч улсын эдийн засгийн нөхцөл байдал бүхэлдээ хүндэрч эхэлсэн.
Ийнхүү эдийн засгийн хүнд байдал орсон үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийг эхлүүлсэн нь авралын ганц гарц байсан гэдгийг олон хүн хэлдэг.
“Алт” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 1991 онд 140.49 тонн байсан алтны нөөц 2000 он хүртэл шинээр 110.36 тонноор өссөн байна. Мөн 2006 онд алтны салбарын хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр манай улс дэлхийд 10 дугаарт оржээ.
Харин 2006 онд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарч энэ салбар дахь өсөлт хөгжил үндсэндээ саарсан. Уг хууль алтны салбарыг элгээр нь хэвтүүлэх нь ойлгомжтой гэж үзээд нэг юм цуцлагдтал, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2009 онд батлагдсан. Тус хуулийн хүрээнд олон арван аж ахуйн нэгж үүдээ барьж, хэдэн зуун хүн ажилгүй болсон.
Ийнхүү алтны салбар дахь хууль эрх зүйн байдал ээдрээтэй болсноор энэ салбарынхан дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч нь болж, бие биетэйгээ зовлонгоо хуваалцаж нэгдмэл байр сууринд хүрсний эцэст “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-г үүсгэн байгуулаад нэг жилийн нүүрийг үзжээ. Тэд өнгөрсөн ням гарагт 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлангийн хурлаа зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
“1990-ээд оны хүнд байдлаас Монголын эдийн засаг алтаар дамжиж өндийсөн нь хөдөлшгүй үнэн. Одоо ч гэсэн манай эдийн засаг хүнд байдалд ороод байна.
Тодруулбал үндэсний валютаа 30 хувиар унагачихлаа, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 180 хувьтай тэнцэж байна. Энэ нь гадаадаас ямар ч зээл авах боломжгүйг харуулж байгаа юм. Энэ хүнд байдлаас гарахын тулд алтны салбар л жаахан амьсгаа авахуулж болох юм” гэдгийг хурлын индрээс хэлсэн юм. Ингээд түүнтэй алтны салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Алтны салбар өнөөдөр гацчихаад хүнд байдалд орчихоод байгааг аж ахуйн нэгжийн төлөөллүүд хэлж байна. Таны хувьд энэ салбарыг хэрхэн харж байна вэ?
Хамгийн их тулгамдсан асуудалтай салбар нь алт олборлогчид байна.
-Хамгийн их тулгамдсан асуудалтай салбар нь алт олборлогчид байна. Монгол Улсын алтны олборлолт эрс буурсан байдалтай байгаа. Нөгөөтэйгүүр, Монгол Улс валютын асар их хомсдолтой. Манай гадаад өр 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд, аж ахуйн нэгж оролцоод ийм өртэй байгаа юм. Нөгөө талдаа валютын хомсдолтой холбоотой байх. Тэгэхээр үүний балансыг барих зүйл нь юу байна гэхээр алтны салбар байгаа юм. Эрх баригчид зөвхөн гадаад зээлээр аргалаад байгаа шүү дээ.
Тодруулбал, 1990-ээд онд нийгмийн томоохон шилжилтийг туулсан. Энэ үед нийгэм цаг үе ямар хүнд байсныг хүн санаж байгаа. Харин энэ үед төрөөс “алт” хөтөлбөрийг санаачилж, түүний үр дүнд Монгол Улс жилдээ 20 орчим тонн алт олборлож Монголбанкинд тушаадаг болсон. Тиймээс эдийн засгийн өсөлтөө хангаад зогсохгүй гадаад худалдаанд шаардлагатай валютаа дотоодоосоо бий болгодог байсан.
Сүүлийн үед уул уурхайн салбар буюу тэр дундаа алтны салбарт эрх зүйн томоохон өөрчлөлтүүд гарсан байгаа. Түүнтэй холбоотой алтны тушаалт эрс багассан байгаа. Улмаар валютын орлого ч гэсэн багассан байна. Өнөөгийн төр засаг Монгол Улсаа барьцаалсан өрийн бичгээр гадаадын зах зээлтэй харилцаж байна шүү дээ.
-Энэ салбартай холбоотой хүлээгдэж буй томоохон хууль байгаа?
-Тийм ээ. Алтны ил тод байдлын тухай хууль. Түүнчлэн эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлого байгаа. Тэр дундаа Алтны ил тод байдлын тухай хууль нь олборлолт, тушаалт, байгаль орчин, ногоон хөгжлийн тэнцвэрийн асуудал нь тодорхой болж чадах байх. Үүнээс өөр гарц харагдахгүй байгаа юм. Түүнчлэн гадаад дахь зээл маань үүнээс хэтрэх юм бол Монгол Улсын гол үзүүлэлтүүд нь хүндэрнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин муудах зэрэг сөрөг үзүүлэлт байгаа. Тэгэхээр алтыг ашиглах боломжтой.
Гэхдээ эрүүл аргаар олборлолт явуулдаг байх ёстой. Нэг алт олборлогчдыг хариуцлагатай болгох, байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудлыг тодорхой байлгах, Монголбанкинд алтаа заавал тушаах хэрэгтэй. Түүнчлэн хууль бусаар алт олборлодог олон мянган нинжа нарын асуудлыг зохион байгуулалтад оруулахгүй юм бол манай улсын эрдэс баялгийн салбар, тэр дундаа алтны салбар дур зоргоороо авирладаг байж таарахгүй.
Улмаар улс орныхоо хөгжлийг харсан, үйлдвэрээ байгуулдаг, дэлхийн зах зээлийн ерөнхий хандлагатайгаа тооцож, том зурган дээр тооцоолж үзэх ёстой. Түүнийгээ дагаад энэ салбарын маань томоохон орд, лицензүүд гадныхны гарт байна. Энэ нь бол бодлогын том алдаа гаргасантай холбоотой.
-Үндсэндээ энэ салбарыг өөд татах ганц хуулийг УИХ дээр сөрөг хүчин болон бие даагчид унагачихлаа гэх хүн олон байна. Таны хувьд ч гэсэн түүхий хууль байна хэмээн шүүмжилж байсан?
-Эрх зүйн орчин шүү дээ. Эдийн засаг өсөөд сайжраад ирэхээр улстөрчид мөнгө нь багтаж шингэхээ болино. Улсын төсвийн зардал эрс нэмэгдэнэ. Тэгээд л бизнесийн орчиндоо хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж эхэлсэн.
Цаашлаад хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг огцом огцом хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 68 хувийн татварын асуудал байна. Үүнтэй холбоотойгоор алтны тушаалт эрс багассан. Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн хамгийн гол асуудал нь Оюу толгойн гэрээг хөнгөвчлөх асуудал байгаа юм.
МАН-ын зүгээс Оюу толгойн компанид хөрөнгө оруулалт, экспортын асуудлаар ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэдэнд хангалттай хөнгөлөлт үзүүлсэн. Гэрээгээ ч байгуулсан. Эрх баригчдын зүгээс гэрээг өөрчлөн байгуулах талаар амлалт өгч байсан. Одоо хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна.