Ц.Элбэгдорж: Төрийн байгууллагад нэг хүний ажлыг гурван хүн хийдэг
Таны санаачилсан “ухаалаг төр” гэсэн ойлголт олон нийтэд өдий хүртэл төлөвшсөн тэр “төр” гэдэг ойлголтоос юугаараа ялгаатай вэ?
Ухаалаг гэдэг бол хүнд ойрхон байна гэсэн үг. Хамгийн энгийн жишээ гэвэл машин, гар утсыг ярьж болно. Хүний чухал хэрэглээ болсон эдгээр зүйлс хөгжихийнхээ хэрээр хүнд ойр, хэрэглэхэд амар болж байна. Төр ч үүнээс ялгаагүй. Ухаалаг төрийн шийдвэр зөв, тодорхой, ойлгомжтой байдаг. Зөв шийдвэр гаргахын тулд судалгаа хэрэгтэй. Төрийн үйлчилгээг хялбарчлахын тулд орчин үеийн технологийг түлхүү ашигламаар байна. Тиймээс төрийн аппаратыг данхайлгаж том болголгүй, цомхон болгомоор байна.
Та судалгаа хэрэгтэй гэж их ярьдаг. Төрд хийж байгаа судалгаануудын тухай та юу хэлэх вэ?
Судалгаанд сууриласан шийдвэр гаргахын тулд төрд нөлөөлдөг бүтцүүд сайн ажиллах хэрэгтэй. Төрийн муу шийдвэр бизнесийнхэнд их хор хохиролтой. Тэгэхээр бизнесийн байгууллагууд дэргэдээ хуулийн судалгаа хийдэг төвтэй болвол зүгээр. Судалгааныхаа үр дүнг шийдвэр гаргагчдад өгдөг болмоор байна. Гэтэл ийм харилцаа манайд байхгүй. Ийм харилцаа байхгүй тохиолдолд шийдвэр гаргагчдад тусалдаг судалгааны байгууллагууд байх хэрэгтэй. УИХ-д олонд нэртэй ямар ч мэргэжлийн хүмүүс сонгогдож болно. Тэд бүх салбарын талаар мэдлэгтэй байх албагүй. Гэхдээ тэд гарч байгаа шийдвэр болгонд оролцдог учраас тэдэнд сайн судалгаа хэрэгтэй. Өнөөдөр сайн судалгаа байхгүй учраас л шийдвэр гаргагчид асуудалд хайнга хандаад байна.
Та ухаалаг төрийн сэдвээр УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн, бизнесийнхэн гээд нийгмийн янз бүрийн бүлэгтэй ярилцлаа. Таньд энэ ажлыг хийх, энэ тухай ойлгуулах хоёрын аль нь хүнд байна вэ?
Хүний сэтгэхүйг өөрчилнө гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ нэг сайн тал нь шийдвэр гаргагчид ч тэр, шийдвэрийг хүлээж байгаа ард иргэд ч тэр нээлттэй байж суралцаад ирсэн учраас ойлгуулахад тийм ч их хэцүү биш байна. Тиймээс зарим нэг зүйлийг нуршилгүйгээр шийдвэрээ гаргаад гүйцэтгээд явах хэрэгтэй байна. Ер нь бол ойлгуулах, гүйцэтгэх хоёр зэрэг явна.
Бизнесийнхэн юу хүсч байна вэ? Төрийн оролцоог нийтэд нь болиулахыг уу, эсвэл тодорхой салбарт уу?
Бизнесийг төрөөр дамжуулж зохицуулдагийг болиулж, төрийн оролцоог нийтэд нь алга болгомоор байна. Төрд шинэ асуудал гарч ирэхээр шинэ бүтэц, шинэ зардал гарч ирдэг. Гэтэл бидний өдөр тутам амьдралдаа хэрэглэж байгаа зүйлс сайжрахын хэрээр улам л жижигрээд байна. Ингээд бодохоор бид нэг л буруу ажиллаад байна. Жишээ нь, хувийн хэвшилд гурван хүний ажлыг нэг хүн хийж байхад, төрийн байгууллагад нэг хүний ажлыг гурван хүн хийж байна.
Бага багаар засаад л байвал нийгэм аажмаар урагшлаад л байх боломжтой. Яагаад гэвэл бид тийм нийгэм рүү явж байна. Зөв төртэй болох түүхэн боломж монголчуудад байна.
Ухаалаг төрийг бий болгоно гэдэг бол зөвхөн төрийн бус хамтын ажил гэж та хэлж байв. Тэгвэл бизнесийнхэн үүнд ямар байдлаар оролцох вэ?
Бизнесийнхний хувьд бизнесээ явуулж байгаа арга хэлбэрээ эргүүлэн хармаар байна. Хэвлэлийнхэн төртэй бус бизнесийнхэнтэй гэрээ хийж ажилладаг болог л дээ.