О.Баасанхүү: УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэж хэлээгүй, МАХН-ын бодлогыг харъя гэсэн юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.12.12

О.Баасанхүү: УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэж хэлээгүй, МАХН-ын бодлогыг харъя гэсэн юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа

Та МАХН-аас гарсан ч яах вэ гэдэг мэдэгдэл хийчихсэн. Юу болсон учраас ингэж намдаа гомдох болов?

-Би УИХ-д МАХН буюу Шударга ёс эвслийн нэрээр орж ирсэн. Тийм учраас энэ намыг дэмжигчид болон МАХН-д өртэй хүн. Нөгөө талаасаа энэ нам намайг хамгаалах ёстой. Миний бодлого зөв бөгөөд тэр нь ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө байх юм бол шүү дээ. Жишээ нь АН-ын нэг гишүүн гарч ирээд юм ярихад бусад нь “түүний зөв” гэх маягаар дэмждэг биз дээ. Түүнтэй л адил.

-Танд тэгж дэмжүүлэх ямар асуудал байгаа юм?

-Миний яриад байгаа сэдвийг сүүлийн үед гуйвуулж, түрэмгийлж байна. Энэ нь надад хэцүү байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар надтай уулзсан. Тэгэхэд нь би “Та нарыг дэмжиж чадахгүй. Яамны бодлого руу орох эрх надад байхгүй. Хоёр яам хоорондоо эмнэлэг шилжүүлж байгаа нь УИХ-ын гишүүнд хамаагүй” гээд явуулсан. Гэтэл үүний дараа манай Хууль зүйн сайд намайг гэмт хэрэгтнээр зарласан.

Хүмүүстэй уулзаад өнгөрснийхөө төлөө гэмт хэрэгтэн болж хувирахаа шахсан шүү дээ. Дараа нь эхнэр маань төрөөд удаагүй байхад сайт дээр “Гэрчийг хэрэгт татдаг уу” гэдэг материалын дор “Эхнэрийн чинь сав руу чулуу хийнэ шүү. Чамайг адна. Эцэст нь шүүхийн өмнө инээгээд зогсоход намайг  өмөөрөх хүн байгаа шүү” гэдэг сэтгэгдэл бичсэн. Энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газарт хандсан.

Тэд салаавч гаргасан хүнийг дор нь илрүүлж шийтгэдэг мөртөө гэр бүлээрээ доромжлуулж, дарамтлууллаа гэхэд тоогоогүй. “Гадаадын сайтаас бичсэн байна. Гүйцэтгэх ажил учраас ил болгож болохгүй. Гэхдээ таныг хамгийн их эсэргүүцдэг хүмүүсийн явуулга байна" л гэхээс өөр юм хэлээгүй.

-Таныг эсэргүүцдэг хүн нь хэн юм. Х.Тэмүүжин сайд юм уу?

-Сайд уг нь ийм сэтгэгдэл хэн биччихэв ээ гэдэг дээр санаа зовох ёстой байхгүй юу.

-Сайд уг нь ийм сэтгэгдэл хэн биччихэв ээ гэдэг дээр санаа зовох ёстой байхгүй юу. Гэтэл өөрөө эсрэгээр нь намайг доромжилж байгаа учраас тэр энэ сэтгэгдлийг дэмжиж байгаа юм байна гэж ойлгосон. УИХ-ын чуулганы үеэр Тэмүүжин сайд миний эцэг, эхийг доромжиллоо. “Танай аав, ээж чамд ямар нэр өгчихсөн юм бэ” гэж ч байх шиг. Дээрээс нь миний итгэл үнэмшил рүү дайрлаа. Чи ямар шашин шүтдэг ч гэнэ үү. Гадаадынхнаас мөнгө гуйдаг ч гэх шиг.

-Тэр нь ямар учиртай юм бэ?

-Гадаадынхнаас би өөртөө мөнгө гуйдаггүй. Бөөрөө солиулах шаардлагатай болчихсон хүмүүст дэмжлэг үзүүлээч гэж бусдаас тусламж гуйдаг. Ядарсан хүмүүст гэр олж өгөхийн төлөө явдаг. Нярай хүүхдийн асрамжийн газар байгуулахаар явж байгаа хүмүүст тусалж, газрыг нь олж өгсөн. УИХ-ын гишүүн болоогүй байхдаа шүү.

Гадаадад эмчлүүлэхийн тулд өр тавьчихаад төлж чадахгүй явсан хүнд гишүүн болсныхоо дараа тусалж, Наранхүүгээс хоёр, Болорчулуунаас хоёр, Эрүүл мэндийн яамнаас таван сая төгрөг авч өгсөн. Өөрөө хэрэглэх гэж байгаа юм шиг л гуйж байж авч өгсөн. Одоо 30 оюутны сургалтын төлбөрийг аргалж өгөх гээд өмнөөс нь явж байна. Би олигархи биш. Гэхдээ яагаад бусдад тусалж болохгүй гэж. Үүнийхээ төлөө гадаадын элдэв шашин шүтдэг, шүтдэггүйгээрээ доромжлуулахыг зөвшөөрөхгүй.

Ерөнхийлөгчийг гишүүдтэй уулзахад ч хэлсэн. “Жижиг юм ярьж байж магадгүй. Гэхдээ би 1994 оноос 2011 он хүртэл АН- ын гишүүн байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр хэрэгт холбогдсон гэх насанд хүрээгүй хүүхдүүдийг өмөөрч, зодуулж явсан хүн. Би ардчиллын үнэ цэнийг мэднэ. Гэтэл яагаад танай АН-ын Хууль зүйн сайд хувь хүний итгэл үнэмшил рүү дайрдаг юм бэ. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг Батлан хамгаалах яамны эмнэлэгтэй нийлүүлсэн нь зөв. Гэхдээ Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг алга.

Гэмтлийн эмнэлэг хэрэгтэй байна. Ийм байхад Чингэлтэй дүүргээс гарсан гэгддэг Ерөнхийлөгч, тэндээс сонгогдсон УИХ- ын гишүүд эмнэлэг байгуулахын төлөө явахгүй байгаа юм. Байгуулах гэж байсан эмнэлгийнх нь байрыг нэг яам аваад дотор нь дарга нар суух гэж байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байрыг би авахгүй. Энэ байшин эмнэлгээрээ үлдэж, зовж шаналсан хүмүүс л эмчлүүлээсэй гэсэндээ асуудлыг тавиад байгаа юм.

Гэтэл яагаад ингэснийхээ төлөө чичлүүлэх ёстой юм бэ” гэдгээ хэлсэн. Х.Тэмүүжин мөнгөтэй, эрх мэдэлтэй л байх. Гэхдээ тэр нь хамаагүй. Бодлогоороо л өрсөлдье.

-Ийм үед нам чинь таныг дэмжихгүй байгаад гомдоод байгаа юм уу?

-МАХН цул байх ёстой. Х.Тэмүүжин сайд хуулиараа бол Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн асуудлыг ярих хүн биш шүү дээ. Яагаад гэвэл энэ эмнэлэг Батлан хамгаалахын яаманд шилжсэн. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн байр болох гээд баригдаж байсан байшин нь Засгийн газрын өмч. Тиймээс Ерөнхий сайд энэ эмнэлгийн тухай ярих хэрэгтэй.

Тийм учраас Н.Удвал сайдыг салбарынхаа тухай, Чингэлтэй дүүрэгт эмнэлэг хэрэгтэй байгаа тухай яриач гээд байгаа юм. Ингэж яривал ард түмэн түүний талд байна шүү дээ. Даанч тэр хүн намайг өөрийг нь муулаад байна гэж бодоод байх шиг байна. Энэ үүднээс Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдын утсыг нийтэд ил тод болгоё гээд байгаа юм. Дээрээс нь хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийг шорон ярихаа болиод өөрийнхөө санаачилж, төсвөөс мөнгө хөрөнгийг нь шийдүүлсэн эмнэлгээ хамгаалаач гээд байгаа юм.

Ер нь АН-ынхан их сонин юм билээ. Тамхины тухай хууль ярихаар “Наадах чинь миний хууль” гээд нэг авгай гараад ирэх юм. Эмнэлэг ярихаар “Миний эмнэлэг" гээд нэг хүн хөндөлсөөд зогсчих юм. Ойлгохоо байчихлаа. Ярих сэдэвгүй хүмүүсийн сэдвийг би булаагаад байгаа юм уу.

-Тэр хүмүүсийн утсыг ямар зорилгоор нийтэд зарлах гээд байгаа юм бэ?

-Иргэд энэ хүмүүс рүү залхтал нь мессеж явуулаг. Зогсоо зайгүй мессеж ирэхээр хүн ядаж нэгийг нь уншдаг юм байгаа биз дээ. 70 мессеж аваад шоконд ордог хүмүүс 7000 мессеж авахаар яах нь тодорхой.

-Үүнээс гадна та жагсаал хийх гээд байгаа гэл үү?

-Жагсаал хийх юм биш. Нүүрээ улаанаар будсан 200 залууг цуглуулаад Ерөнхий сайдаа та ичихгүй бол бид ичиж байна. Ичсэндээ нүүр улайчихлаа гэж хэлэх юм. Дараа нь Их дэлгүүр, Шонхор зах дээр очиж хүмүүстэй уулзаад тэднээр Ерөнхий сайд руу мессеж бичүүлэх юм. Тиймээс Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд хоёр утсаа ил болгохгүй байгаа юм. Ц.Нямдорж гишүүн шиг шууд хэлчих л дээ. Тэгвэл бид дараагийнхаа арга хэмжээнд орох гээд байна.

-Ямар арга хэмжээ?

-Ерөнхий сайдад хүмүүс захиа бичиг.

-Засаг өөрийнхөө өмчийг яах нь тэдний хэрэг байх. Та үүн дээр нь дөрөөлж, эмч нарыг уриалж, улстөржүүлэх нь дэмий биш үү. Эмч нар улстөрждөгийн гай ард түмэнд ямар хүн дээр тусдагийг Гэмтлийн эмнэлгийнхэн харууллаа шүү дээ?

-Эмнэлгийг эмнэлэгтэй нийлүүлэх нь миний асуудал биш. Өчнөөн хүн амьдрах орон сууцанд нэг яам орчихвол сайхан уу. Тэгснээс орон гэргүй яваа ард түмэн тэнд амьдарвал сайхан биз дээ. Зориулалтын юмыг зориулалтаар нь ашиглаач ээ гэж хүсч байгаа юм.

-Та тэгээд МАХН-аас гарахаар шийдсэн үү, гарахааргүй болсон уу?

-Би МАХН-аас гарна гэж хэлээгүй. Хувьсгалт нам намайг дэмжихгүй гэдэг байр суурь нь тодорхой болоод буланд шахах юм бол энэ намаас гарна. Д.Тэрбишдагва даргатай уулзахад “Бид өөрийн чинь яриад байгаа асуудлыг бүлгээрээ хэлэлцэнэ. Та Н.Удвал сайдтай ч уулз” гэсэн. Тэгэхээр намын бодлого яаж гарахыг харж байна. Эрүүл мэндийн салбараа сайжруулъя гэдэг бодлогыг МАХН барихгүй юм бол би энэ намд байх нь утгагүй шүү дээ. Иргэдээ эмнэлэгтэй байлгахын төлөө явахгүй юм бол Эрүүл мэндийн сайд нь огцрох хэрэгтэй. Үгүй бол би өмнөөс нь хариуцлага хүлээж намаасаа гаръя.

-Гэхдээ та МАХН-аас гарвал УИХ-ын гишүүнийхээ суудлыг ч давхар алдах юм биш үү. Яагаад гэвэл та энэ намын жагсаалтаар орж ирсэн учраас таны нэрийг цаадуул чинь татчих байлгүй?

-Тийм зүйл байхгүй ээ. МҮАН-ын гишүүн байсан Ц.Цолмон жагсаалтаар орж ирснийхээ дараа МАХН-д элссэн биз дээ. Эргүүлж татагдсан юм алга. Би УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэж хэлээгүй. УИХ-ын гишүүнээс гурван тохиолдолд эргүүлэн татагддаг. Өөрийнхөө хүсэлтээр юм уу эсвэл нас барсан бол, гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд эргүүлэн татагдана шүү дээ.

-Солонгост очиж Н.Энхбаяр даргыгаа эргээгүй хүн нь ганцхан таныг гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Очихгүй гэдэг ойлголт бий. Нөгөө талд нь очиж чадахгүй байна гэдэг нэг ойлголт байгаа. Би түүнийг зорьж очин уулзахыг хүсч байгаа. Гэвч надад мөнгө алга.

-Та Солонгост очсон гэсэн байх аа?

-Очсон. Гэхдээ ажлаар явж байгаа хүнд цаг зав хомс байдаг юм билээ. Би Н.Энхбаяр даргатай огт уулзаагүй юм биш. Маш богино хугацаанд уулзаад өнгөрсөн.

-Танай намынхан сүүлийн үед “Манай удирдлагууд Н.Энхбаяр дарга гэж ярихаа больчихлоо. Тэднийг огцруулна” гэж яриад байгаа. Харин Н.Энхбаяр даргыг эргээгүй гэдэг хэрэгт унах юм биш биз дээ гэдэг утгаар асуугаад байна л даа?

-Энэ тухай намынхнаас л асуу. Би хүнд таалагдах гэж улс төр хийдэггүй. Зөвхөн бодлого л ярина. Өнөөдөр бодлого нь зөв санагдвал Ц.Элбэгдоржийг ч дэмжинэ. Н.Энхбаяр даргын бодлого зөв байвал түүнийг ч дэмжинэ. Ийм л зарчимтай хүн. 15 жил эрх зүйт төрийн төлөө явсан хүний хувьд хүний эрхийг нэг номерт тавьдаг. Би ядуучуудын талд зогссоноороо буруудахгүй юм бол өөрөөр гэр бүл, найз нөхдийг доромжлох эрх хэнд ч байх ёсгүй.

-Тэр хүн О.Баасанхүү намайг эргэж ирсэнгүй гэдэг хандлага гаргавал яах вэ?

-Н.Энхбаяр дарга тэнэг хүн биш шүү дээ. Энэ хүнийг ядарч явахад би хажууд нь байсан юм шүү.