Яармагт томоохон худалдааны төв нээгдлээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хорооны иргэд хүнсний бараа, бүтээгдэхүүнээ хотын төвийн хэрэглэгчидтэй харьцуулахад даруй 30-40 хувийн илүү үнээр авдаг гэсэн судалгааг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлж байна. Хүнсний төвлөрсөн зах, дэлгүүрүүдээс авсан бараа, бүтээгдэхүүнд тээвэрлэлтийн зардал ийнхүү шингэдэг гэж тэрбээр тайлбарлалаа. Энэхүү дарамтыг бууруулах санаачилгыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд дэмжиж, тойргийн хөрөнгө оруулалтаар Худалдаа, үйлчилгээний төвийг Яармагт байгуулжээ. Өнөөдөр нээлтээ хийсэн “Яармаг” худалдаа, үйлчилгээний төв нь Хан-Уул дүүргийн захын хороод болох Нисэх, Биокомбинат, Шувуун фафрикт үйл ажиллагаа явуулж буй 120 хүнсний дэлгүүр, 55 ТҮЦ, тухлаг, 60 гаруй хоолны газар, иргэдийг шинэ хүнсний бүтээгдэхүүнээр бөөний үнээр хангах боломжтой юм.
УИХ-ын гишүүний багцад багтдаг тойргийн хөрөнгө оруулалтаасаа худалдаа, үйлчилгээний төв байгуулах болсон шалтгаанаа Л.Болд тайлбарлахдаа “Томоохон компаниуд бүгд л хүнсний бөөний сүлжээ дэлгүүр, агуулах ажиллуулах болсныг хэн хүнгүй анзаарч байгаа байх. Хүнсний худалдаанаас ихээхэн ашиг олдог учраас энэ бизнес рүү компаниуд шургуу орж байгаа нь ч тодорхой. Тэгвэл тодорхой компаниудад төвлөрч байгаа ашгийг иргэдэд үлдээх зорилгоор Худалдаа, үйлчилгээний төвийг байгуулах санаачилга гаргасан юм. Иргэд эндээс хүнсний бүтээгдэхүүнээ бөөний үнээр хямдаар авах боломжтойгоос гадна өөрсдөө лангуу түрээслэн худалдаа эрхлэх юм” гэж хэллээ.
Тус худалдаа, үйлчилгээний төв нь 850 ам метр талбайтай, 22 павильон, 60 лангуутай бөгөөд тус бүр агааржуулалтын хоолойтой байхаар орчин үеийн стандартын дагуу баригджээ. Мөн 20 тоннын багтаамжтай махны зоорьтой аж. Энд 100 иргэн буюу 100 өрх айл лангуу түрээслэн худалдаа явуулах юм байна. Эхний гурван сарын хугацаанд түрээсийн үнэ 50 хувийн хямдралтай буюу 50 мянган төгрөг байх юм. Үйл ажиллагаа жигдэрсний дараа түрээс 100 мянган төгрөг болох ч энэ нь ижил төрлийн түрээсээс 30-40 хувь хямд юм байна. Захын хороодод туршлага болохуйц худалдаа, үйлчилгээний жишиг төсөл гэж УИХ-ын гишүүн Л.Болд үзэж байна.
Мөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тойргийн хөрөнгө оруулалтын багцынхаа хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн автомашин, 3D болон 4D оношилгооны аппарат, эхо болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, биохимийн шинжилгээний анализатор, эмнэлгийн зориулалтын ор зэрэг нийт 200 сая гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгч буйгаа өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. Хан-Уул дүүргийн 120 мянган оршин суугчид нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг тус эмнэлэг нийслэлийн хэмжээнд байхгүй тоног төхөөрөмжүүдтэй болж байна. Үр дүнд нь шинжилгээ, оношилгоо улам бүр хялбар, найдвартай болж байгааг Хан-Уул эрүүл мэндийн нэгдлийн дарга Э.Буянмандах энэ үеэр онцолсон юм.