Зээлийн мэдээлийн тухай хууль "Төрийн мэдээлэл"-д нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хэрэгжинэ
Гар утасны лизинг, цалин эсвэл бизнесийн болон ипотекийн зээл гэхчлэн банкнаас ямар нэгэн зээл гаргах үед нэн тэргүүнд иргэдээс Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахыг шаарддаг.
Энэхүү сангийн нэг онцлог нь иргэд хэрэв зээл, лизинг эсвэл утасныхаа төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн бол автоматаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд бидний хэлж заншсанаар “Хар жагсаалт”-д ордог. Нэгэнт уг жагсаалтад орсон бол 6 жилийн дараа л энэхүү бүртгэл устаж, энэ хугацаанд дахин зээлд хамрагдах боломжгүй болдог хатуу заалттай байсан.
Тэгвэл эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай.
Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй өнөөдрийг хүрсэн. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Тодруулбал, УИХ-ын чуулганы 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан юм. Уг хууль батлагдсантай холбоотой иргэдийн зүгээс тус хууль хэзээ хэрэгжиж эхлэх талаар хүлээлттэй байгаа юм.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэнээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно:
- Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
- Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна;
- Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно;
- Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ;
- Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно;
- Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХ ЭХЛЭХ ВЭ?
Нэгдүгээрт, УИХ-ын дарга хууль албажуулж, Ерөнхийлөгчид илгээх
Хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга албажуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46.4-т заасны дагуу Ерөнхийлөгчид илгээдэг.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийн хугацаа
УИХ-ын чуулганы тухай хуулийн 46.5-т Ерөнхийлөгч хуулийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хориг тавих эсэхээ шийдвэрлэдэг. Тус хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхийн хугацаа 2025.05.29- 2025.06.05-ны өдөр дуусгавар болох.
Гуравдугаарт, Төрийн мэдээлэлд нийтлэгдэх
Батлагдсан хуулиудын дарааллаас шалтгаалан 2025.06.09-2025.06.19 хооронд төрийн мэдээлэлд хэвлэгдэж, УИХ-ын тухай хуулийн 5.3-т заасны дагуу "Төрийн мэдээлэл"-д албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог.

Сэтгүүлч