Д.Дамба: “Алт-3” хөтөлбөр амжилттай хэрэгжих бүрэн боломжтой
Ийгл телевизийн “Тоон тойм” нэвтрүүлгийн зочноор Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба оролцлоо.
-“Алт-3” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл нийгэм, эдийн засгийн байдалд ямар өөрчлөлт авчрах бол. Өнгөрсөн алдаан дээрээ дөрөөлөн орон нутаг, иргэдтэйгээ яаж зохицон үүнийг хэрэгжүүлж болох вэ?
-“Алт” хөтөлбөр 1992-2000 он хүртэл хэрэгжсэн гэж үздэг. Энэ хөтөлбөр бол эдийн засаг маш хүнд үед монголыг хөл дээрээ босч ирэхэд түлхэц үзүүлсэн. Дараа нь гарсан “Алт-2000” хөтөлбөр маш олон бэрхшээлтэй тулгарсан. Үндсэндээ алтны салбар 2009 оноос унаж эхэлсэн.
Өнөөдөр маш хүнд байдалтай байгаа нь улсын эрдэнэсийн санд буй алтны хэмжээ, тушаалтын хэмжээнээс харахад л тодорхой. 20 тонн алт тушааж байсан үе байхад, өнөөдөр таван тонн алттай. Хоёр тонн болсон явдал ч бий. Уул уурхайн яам нүүрс, алт, жонш гээд хөтөлбөрүүд гаргаж байна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бас орсон.
"Алт-2000" хөтөлбөр монгол улсыг дэлхийн зах зээлийн үнэ ханшаар худалдаа хийдэг болгосон.
“Алт-3” хөтөлбөр амжилттай хэрэгжих хамгийн чухал зүйл бол уул уурхайн салбарын эрх зүйн орчны асуудал. Үүнийг нэг мөр шийдэхгүй бол мянган хөтөлбөр дэвшүүлээд амжилтад хүрэхгүй. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил явагдаж байна. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг өнөө маргаашгүй УИХ-д хэлэлцэгдэнэ.
Мөн алтны тухай хууль, ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд. “Алт-3” хөтөлбөр гарснаар монголын эдийн засаг, ялангуяа зээлийн баталгаа болно. Монгол улс, Монголбанк дэлхийн зах зээл дээрээс бонд босгоод байна. Үүний цаана байх барьцаа нь алт байх ёстой. Түүнчлэн төгрөгийн ханшийг тогтвортой, сайн байлгахын тулд манай улсын банк тодорхой хэмжээний алттай байх ёстой.
Нөгөө талаар алт олборлоход орчин үеийн нарийн шилдэг техник, технологи руу хандсан хөтөлбөр зайлшгүй шаардлагатай. “Алт” хөтөлбөрт сөрөг үр дагавар бий боловч маш олон монгол хүний амьдралыг дээшлүүлж, ажлын байрыг бий болгосон. Тухайн үед алтны салбарт 10-аад мянган хүн ажиллаж байсан. "Алт-2000" хөтөлбөр монгол улсыг дэлхийн зах зээлийн үнэ ханшаар худалдаа хийдэг болгосон.
-“Алт-3” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс мөнгө гарах уу. Хөнгөлөлттэй зээл хэлбэрээр ч юм уу. Яаж дэмжих вэ?
-Бараг тэгэх шаардлагагүй. Тэр үед манай улсын аж ахуйн нэгжүүд үнэхээр ядруу, дөнгөж үүсгэн байгуулагдаад, зах зээлд орж байсан, ганзагын наймаанаасаа зохион байгуулалттай компанийн хэлбэр лүү шилжиж байсан үе.
“Алт-3” хөтөлбөр амжилттай хэрэгжих хамгийн чухал зүйл бол уул уурхайн салбарын эрх зүйн орчны асуудал.
Одоо бол монголын аж ахуйн нэгжүүд тэр дундаа уул уурхай, алтны компаниуд хөл дээрээ тогтсон гэж үзэж болно. Унагаагаад байгаа олон хууль эрх зүй, татварын тогтворгүй орчноо байхгүй болгочихвол “Алт” хөтөлбөр ямар ч улсын төсөв мөнгөнөөс янз бүрийн татаас, хөнгөлөлт шаардахгүйгээр явах боломжтой. Үүгээрээ түрүүчийн хөтөлбөрүүдээс ялгаатай. Манай алтны компаниудын техник, технологи сайжирсан.
Орчин үеийн техник технологиор бүрэн тоноглогдож, аль ч орны алтны үйлдвэрээс дутахааргүй болсон. Ийм хэмжээнд очсон учраас энд ямар нэгэн хөнгөлөлт хэрэггүй. Харин энэ үйл ажиллагаагаа явуулахад нь төрийн зүгээс оролцож, саад хориг, хүнд суртлыг гаргахгүй байх хэрэгтэй. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжих бүрэн боломжтой.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...