Хүүхдийн эрхийн асуудлаар НҮБ-ын чуулганд үг хэллээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Асамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны "Хүүхдийн эрхийг дэмжин хамгаалах” сэдвээрх хуралдааны хэлэлцүүлэгт оролцож буй Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын дэд захирал В.Өлзийбаяр Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үг хэлж, танилцуулав.
Манай төлөөлөгч дэлхий нийтээр хүүхдийн эрхийн олон улсын гэрээ, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх талаар гарч буй ахиц дэвшлийг тэмдэглэхийн хамт хүүхдийн эрхийг хангах талаар улс орнуудад олон бэхшээл тулгарсаар байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ.
Тэрээр Монгол Улс хүүхдийн талаар тэргүүлэх зорилтуудыг Мянганы хөгжлийн зорилт, бусад бодлогын баримт бичигт тусган үндэсний хууль тогтоомжоо олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх замаар хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бий болгоход ихээхэн анхаарч байгааг онцолж, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байдал, жендерийн асуудал, нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг дурдав. Мөн ядуурал, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, нялхсын эндэгдэл зэрэг тодорхой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт хоёр протокол, мөн хүүхдийн эрхтэй холбоотой бусад конвенцид оролцогч улс бөгөөд хүүхдийн эрх зөрчигдсөн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд гомдол гаргах эрх олгож буй Хүүхдийн эрхийн тухай конвенцийн гуравдугаар протоколд энэ оны 10 дугаар сард нэгдэн орсон юм.