Канад Улсын Амбан захирагчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ
Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон, гэргий эрхэмсэг хатагтай Шэрон Жонстоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр эхэлж, хоёр улсын далбаа мандсан Эзэн Чингисийн талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар хүндэт зочдоо угтан авлаа.
Тэрээр 2010 оны 10 дугаар сарын 1-нд Канад Улсын 28 дахь Амбан захирагчийн тангараг өргөсөн байна.
Эрхэмсэг ноён Дэвид Жонстоны Монгол Улсад хийж буй айлчлал нь Канад Улсын Амбан захирагчийн манай улсад хийж буй анхны Төрийн айлчлал болж буй юм. Түүнийг дагалдан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Грегори Гөүлдхок, тус улсын парламентын гишүүн, Парламентын Нарийн бичгийн дарга Чунгсен Леунг, парламентын гишүүн Өрл Дреешен, Скот Симмс, Уай Янг нарын албаны зочид айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна.
Албан ёсоор угтах ёслол болсоны дараа Канад Улсын амбан захирагч Д.Жонстон Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж Төрийн ордны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
Канад Улсын амбан захирагч Д.Жонстон Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж Төрийн ордны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүндэт зочноо төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч ганцаарчлан уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ Монгол-Канад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Канад Улсын Амбан захирагчийн хувиар анх удаа Монгол Улсад айлчлан ирж буйд талархал илэрхийлээд Монгол орны өнөөгийн нийгэмд эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав. Канад Улсын Амбан захирагчийн хувьд Монголын түүх, Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр болоод Монголчуудын хүн төрөлхтөний түүхэнд үлдээсэн өвийн талаар сонирхон судалдгаа нэлээд эртний түүхтэй, элгэсэг дотно Монгол оронд зочлон ирсэндээ баяртай байгаагаа хэлэв. Мөр тэрээр таван үе дамжсан Фермер гэдгээ онцлоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монголын нүүдлийн соёл, Ардчилсан хувьсгалын тухай асууж сонирхсон юм.
Ийнхүү хоёр орны төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр тал нь ардчилал, хүний эрхийг дээдэлсэн иргэний нийгмийн үнэт зүйлээрээ ижилсэж ирсэн шигээ олон салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх тухай ярилцав. Дашрамд дурьдахад Канад Улсын Амбан захирагч Дэвид Ллойд Жонстон нь 1941 оны 6 дугаар сарын 28-нд Онтарио хотноо төрсөн. Тэрээр Харвард, Кембридж, Куинсийн их сургуулийг тус тус дүүргэсэн бөгөөд олон жил судалгаа шинжилгээний салбарт ажиллаж Мак Гилийн их сургуулийн ректороор ажиллажээ. Тэрээр 2010 оны 10 дугаар сарын 1-нд Канад Улсын 28 дахь Амбан захирагчийн тангараг өргөсөн байна.