Хөтөлийн цементийн шинэ үйлдвэр нээгдэхэд бэлэн болжээ
Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөтөлийн цементийн шинэ үйлдвэр нээгдэхэд бэлэн болсон байна. Ирэх сард багтаагаад үйлдвэрээ нээх талаар тус үйлдвэрийн удирдлагууд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд танилцууллаа.
Хуурай аргын технологи бүхий тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал манай улсын цементийн нийт хэрэглээний 30 орчим хувийг дангаараа гаргах юм. Хуурай арга гэдэг нь зардал бага түүнчлэн шинэ технологи.
Үйлдвэрт туршилт, тохируулга хийхээр европын орнуудаас 40-өөд нарийн мэргэжилтэн ирсэн
Шинэ шугам нь хоногт 2500 т чулуунцар үйлдвэрлэх ф4x60м нэг эргэх зуухтай байна. Төслийн зуух нь нойтон аргын ф 4x150м-ийн эргэх зуухнаас 3-4 дахин хурдан эргэх тул хүчин чадал нь тэр хэмжээгээр нэмэгдэх аж.
Өөрөөр хэлбэл Хөтөлийн цементийн хуучин үйлдвэр жилд 120 орчим мянган тонн цементийг нойтон аргаар үйлдвэрлэж байсан бол шинэ үйлдвэр нь хуурай аргаар 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ.
Технологийн шинэчлэлт хийгдсэн Хөтөлийн “Цемент-Шохой”-н үйлдвэрт туршилт, тохируулга хийхээр европын орнуудаас 40-өөд нарийн мэргэжилтэн ирсэн бөгөөд үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ.