ХТҮГ-ын дарга И.Нарантуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн  суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл
2013.08.28

ХТҮГ-ын дарга И.Нарантуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл болон холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид “Бид оролцьё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганаас гарсан уриалгыг дэмжин гарын үсэг зурсан нь хүүхдийн эрхийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн явдал болсоныг дурьдаад, тухайн улс оронд хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судалгааг тодорхой хугацаанд  хамтран хийж байх ач холбогдолын талаар ярилцлаа.

Ялангуяа уул уурхайн хөгжил  хүүхдийн аж байдалд хэрхэн нөлөөлж байгаа, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар  бодлогын чанартай ажлууд хийгдэж байгаа ч уул уурхай болон бусад салбарт хөдөлмөр эрхэлсээр байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.

Уулзалтын үр дүнд  2013 оны 8 дугаар сар 26-30-ны өдрүүдэд хамтарсан ажлын хэсэг Өвөрхангай, Өмнөговь аймагт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан,  шалтгааныг судлан дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байна.

“Уул уурхай ба хүүхэд” зөвлөлдөх уулзалтыг 11-р сард зохион байгуулж, бичил уурхайд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн  эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч, үүрэг хүлээгч талуудын оролцоог хангаж  ажиллахаар 2 тал харилцан зөвшилцлөө.